19 настай боксчин Исис Сио эхний үед хүнд цохилтоор ялагдсаныхаа дараа комд оржээ
Өнгөрсөн Бямба гарагт мэргэжлийн боксын Probox TV холбооны дунд жингийн аваргын бүсийн төлөө Гватемалын боксчин Лестер Мартинес, АНУ-ын Имманувэл Алеем нар тулалдсан.
Энэ тулааны өмнөх чансаа ахиулах тулаан хийхээр 19 настай залуу боксчин Исис Сио, түүнээс хоёр эгч Жосилин Камарилло нар нударга зөрүүлсэн юм. Дөрвөн үе тулахаар төлөвлөсөн тулаан ердөө 78 секундэд ялагч тодорсон байна.
Сонирхогчдын боксоор улсынхаа гурван удаагийн аварга болсон туршлагатай Ж.Камарилло үе тэнгийн залуу өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан. Тулааны дараа ухаангүй болсон Исис Сиод эмч яаралтай эмчилгээ хийсэн ч сэргээгүй байна. Тиймээс яаралтайгаар орон нутгийн эмнэлэгт хүргэсэн юм.
Probox TV холбооны зүгээс И.Сиог комд орсныг албан ёсоор мэдээлжээ.
Тэрбээр өнгөрсөн жилээс мэргэжлийн боксоор хүч үзэж буй. Үүнээс хойш дөрвөн тулаан хийхдээ нэг ялаад байсан юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Катилин Радкаг шүүгчдийн саналаар буулган авсан нь түүний мэргэжлийн замналынх нь анхны ялалт болжээ.
Эх сурвалж: Probox TV
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
