Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах систем АНУ-ын системээс илүү болох нь Ираны дайны үеэр батлагджээ
Өмнөд Солонгосын зохион бүтээсэн Cheongung-II агаарын довтолгооноос хамгаалах системийн Ираны дайны үеэр харуулсан чадвар тус улсыг дэлхийн хамгийн өндөр эрэлттэй зэвсэг нийлүүлэгчдийн нэг болгожээ.
Өмнө нь дайнд туршигдаагүй байсан дунд тусгалын энэ систем одоо АНЭУ (Арабын Нэгдсэн Эмират Улс) -д ашиглагдаж байгаа бөгөөд Ираны пуужингуудыг 96 хувийн үзүүлэлттэй амдан устгаж байгаа юм байна.
Энэ нь АНУ-ын ижил төстэй Patriot хамгаалах системийн гүйцэтгэлтэй өрсөлдөж, зарим тохиолдолд давсан үзүүлэлт болжээ.
Бас нэг давуу тал нь Cheongung-II системийн үнэ Patriot системийн үнээс гурав дахин хямд юм.
2022 онд АНЭУ 10 ширхэг ийм систем худалдаж авах гэрээг Өмнөд Солонгосын үйлдвэрлэгчтэй байгуулж байжээ. Одоогоор эдгээрийн хоёр нь л захиалагчдаа нийлүүлэгдээд байгаа юм.
АНЭУ-ын эрх баригчид дараа дараагийн нийлүүлэлтээ яаравчлах хүсэлтийг үйлдвэрлэгчид нь тавьсан байна. Энэ сарын эхээр тус улсын агаарын хүчний C-17 ачааны нисэх онгоц Тэгү хотын нисэх буудалд газардсан нь Cheongung-II системийн нэмэлт пуужингуудыг авах зорилготой байжээ.
Cheongung-II нь энгийн бөгөөд хурдан ажиллагаатай систем юм. Нэг систем нь тус бүр найман харвагч хоолойтой дөрвөн автомашин, олон үйлдэлт радар, хяналтын станцаас бүрддэг бөгөөд 15 км-ээс доош өндөрт нисэж буй пуужинг 40 хүртэл километрийн зайнаас амдан устгах чадвартай юм.
Системийг НАТО болон АНУ-ын платформуудтай нийцэж ажилладгаар бүтээсэн тул операторуудад тусгай сургалт шаардлагагүй байдаг гэнэ.
АНЭУ-аас гадна Саудын Араб, Ирак улсууд Cheongung-II системийг худалдаж авах гэрээ байгуулжээ.
Саяхан Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Кан Хун Шик газрын тосны нийлүүлэлтийн асуудлаар Персийн булангийн орнуудад айлчлаад ирсэн юм. Үүнийхээ дараа тэр Өмнөд Солонгосын газрын тосны нийлүүлэлтийг нэн тэргүүнд хангахаа АНЭУ-ын тал амласныг зарласан байна.
“Өмнөд Солонгосоос өмнө дэлхийн ямар ч улсад түүхий газрын тос нийлүүлэхгүйгээ АНЭУ амласан” гэж Кан мэдэгджээ.
Эндээс харвал Cheongung-II системийн нийлүүлэлтийг түргэсгэсний хариуд газрын тосоор таслахгүй байхаар талууд хоорондоо тохиролцсон бололтой.
Айлчлалын дараа Өмнөд Солонгос 24 сая баррель түүхий газрын тос АНЭУ-аас ойрын үед авахаар болсны 6 сая баррель нь нэн даруй тээвэрлэгдэхээр болжээ.
Энэ нь тус улсын есөн өдрийн дотоод хэрэглээг хангах хэмжээ юм.
АНЭУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх, улс төр судлаач Абдулхалек Абдулла пуужингийн системийн шуурхай нийлүүлэлт нь хоёр улсын хамтын ажиллагааны гүн гүнзгий байдлыг харуулж буй тухай сошиал хуудсандаа сайшаан бичсэн нь дээрх таамгийг баталж байна.
Эх сурвалж: South China Morning Post
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
