Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр "Бодь интернэшнл" ХК-ийн захирлаас нийтдээ 1.3 сая ам.доллар авсныг гэрчүүд надад мэдээлсэн

Б.Бадамгарав, IKon.mn
1 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-т шалгуулахаар өнөөдөр хандлаа.

Тэрбээр энэ тухайд "Би сайд Б.Энхбаярыг Бодь группээс хандив нэрээр 500,000 ам.доллар авсан. Үүнийг нь АТГ-т шалгуулна гэдгээ "Лхагвын тойм" хэмээх нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан. Харин өнөөдөр олон нийтэд өгсөн амлалтаа биелүүлэхээр АТГ-т ирж, дөрвөн бүлэг бүхий 894 хуудас материалыг өгөх гэж байна. 

  1. "Бодь"-ийн оффтэйкэй холбоотой асуудал 
  2. Нүүрсний сонсголтой холбоотой материалууд
  3. Б.Энхбаярын авлигатай холбоотой асуудал, холбогдох гэрч болон нотлох баримтуудыг хавсаргасан
  4. Б.Энхбаяртай холбоотой бусад авлигын асуудлууд гэсэн дөрвөн бүлэгт хуваалаа" гэж товч танилцуулсан.

Мөн Улсын Их Хурал (УИХ)-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "нүүрсний хулгай" гэх асуудал хэзээ эхэлсэн талаар "2022 оны аравдугаар сарын 26-нд улсын валютын нөөц 2.7 тэрбум ам.доллар болж, ханшаа алдсан. Валютын нөөц багассан гэдгийг 2022 оны аравдугаар сарын 26-ны өдөр олон нийтэд мэдэгдэх агуулгаар Засгийн газрын хуралдаанд хэлэлцсэн. Шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой"-гоос ачигдаж байгаа нүүрсний дийлэнх нь "Бодь"-ийн оффтэйк гэрээнийх байв. Өөрөөр хэлбэл нүүрсээ урьдчилж зарсан, нүүрсээ экспортолж байгаа нь гаалийн мэдээнд байгаа хэр нь валют орж ирэхгүй байсан. Тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар бүлгүүдэд, олон нийтэд мэдээлсэн. Тавантолгой дээр онцгой дэглэм тогтоосон гээд нэлээд асуудал гарсан.

Засгийн газрын 362 дугаар тогтоолын хүрээнд "Бодь Интернэшнл" ХК-ийн төмөр зам барих төсөвт өртөг эхлээд 600 сая ам.доллар байснаа үе  шаттай нэмэгдэж, гүйцэтгэлийн дүн нь 1.3 тэрбум ам.долларт хүрч, хоёр дахин нэмэгдсэн. 

Энэ шалтгаан болон Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөр нууц гэрээ хийж, тендер байхгүйгээр шууд хийсэн оффтэйк гэрээтэй холбоотой асуудлаар Түр хороо байгуулсан. УИХ-ын гишүүн Г.Ганболд Түр хороог ахалсан ч зугтаагаад олдохоо больсон. Я.Содбаатар, Г.Ганболд зэрэг хүн нүүрсний оффтэйк буюу "Бодь"-той холбоотой асуудлыг өөр зүйлд анхаарал хандуулахыг улаан цагаан оролдсон. Иймээс Б.Энхбаярыг Түр хороог ахлах нь зүйтэй гэж би үзсэн.

Дэмжих хоёр үндэслэл байв.

  1. Хөгжлийн Банкны сонсголыг сайн зохион байгуулсан.
  2. Шударга ёсны тэмцэлд хувь нэмэр болъё. Сэлэм жад, илд бамбай баймаар байна гэдгээ надад олон удаа илэрхийлж байсан юм.

Би үүнд нь итгэсэн. "Бодь"-той холбоотой асуудлыг ил гаргаж, цаана нь авлига бий эсэхийг илрүүлж чадах уу гэхэд "Чадна" гэсэн. Ингэснээр УИХ-ын 63 дугаар тогтоол батлагдаж, нүүрсний сонсгол есөн өдөр үргэлжилсэн. Харамсалтай нь "Бодь" дээр хоолой шахан сүртэй зүйлс яриад байсан ч өнөөдрийн баримттай холбоотой нэг ч зүйл яриагүй. Мөн оффтэйк гэрээтэй холбоотой ямар ч асуудлыг УИХ-ын тогтоолд дурдахгүйгээр дууссан.

Энэ бол Б.Энхбаяр эхэлсэн цэгээсээ сонсголын дундуур өөрчлөгдсөнийг нотолж байна. Улс төрийн шахалт байв уу, хувийн ашиг сонирхол байв уу гэдгийг тухайн үед Б.Энхбаяраас тодруулахад "Надад улс төрийн шахалт байгаагүй. Би дээд төрөө бодож байна. Ерөнхий сайд аа, уучлаарай" гэж хэлээд манай өрөөнөөс гарсан.

Тэр үеэс би итгэхээ больж, үл ойлголцол эхэлсэн. Сонгуулийн дараа дахиж сайд болгоогүй. Б.Энхбаяр сайд байхаар юм дуугардаггүй, сайд биш болохоороо дуугардаг хүмүүсийн нэг.

Өнөөдөр улс төрийн үйл явц, томилгоо, цаг хугацаагаар учир тайлагдаж байна. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нь "Бодь Интернэшнл" ХК-ийн захирал Д.Баясгалангаас хоёр хүний хамт байлцаж байгаад дөрвүүлээ 500,000 ам.долларыг нэг удаа, 800,000 ам.долларыг дахин нэг удаа буюу нийтдээ 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан асуудлыг надад гэрчүүд холбогдох баримттайгаар хэлсэн. Би гэрчүүдийн нэр болон мэдээлэлтэй нь АТГ-т өгч байна" гэв.

Мөн Бодь групптэй сайд Б.Энхбаяр эртнээс холбоотой байсан гэж УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.

Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын тэргүүн дэд даргаар томилогдох үеэс нь би ажигласан. Д.Мөнх-Эрдэнэ нь Голомт банкны хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан. Л.Отгонбаяртай хамтарч "Солонго Мөнх Партнерс" ХК ба "Легал инк СиПиЭй" ХК-аар дамжуулан "Тавантолгой төмөр зам" болон "Бодь Интернэшнл"-ээс 11 тэрбум төгрөгийг зөвлөх үйлчилгээ нэрээр авсан. Хамгийн ойрын найз нь Б.Энхбаяр. Томилгоогоор энэ нь нотлогдсон. 

Д.Мөнх-Эрдэнэ ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болсон цагаасаа "Бодь"-той холбоотой гэрээнүүдийг устгах, "Эрдэнэс Тавантолгой"-н цахим мэдээллийн санг өөрчлөх, өөрийн намтраас "Бодь"-той холбоотой ажилласан хэсгээ хасах, "Солонго Мөнх Партнерс"-ынхаа хувьцаа эзэмшлээс татгалзсан.

Сүүлд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болоод 2019-2021 оны замын цагдаад байгаа камерын мэдээллүүдийг устгахыг оролдсон талаар мэдээллийг би авсан. Иймд энэ нөхрийг яаралтай түдгэлзүүлж шалгахгүй бол нотлох баримтуудыг устгах зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж байна" гэлээ. 

"$110 саяыг хүүхдийн парк, саунд, зочид буудалд, төрийн тусгай хамгаалалттай объектуудад уг гэрээг байгуулахад оролцсон улстөрчдөд хувааж өгсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бодь интернэшнлийн оффтэйк гэрээ 1.3 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн.

"Тавантолгой төмөр зам"-ын ТУЗ-ийн дарга н.Мэргэн гэж хүний шийдвэрээр анхны 110 сая ам.доллар "Эрдэнэс Монгол"-оос "Тавантолгой төмөр зам" руу, "Тавантолгой төмөр зам"-аас "Бодь интернэшнл" рүү шилжсэн. Энэ гүйлгээг оройд нь бэлнээр гаргаад зарим мөнгийг хүүхдийн парк дээр, зарим мөнгийг олон нийтийн саунд, зочид буудалд, төрийн тусгай хамгаалалттай объектуудад уг гэрээг байгуулахад оролцсон улстөрчдөд 110 сая ам.доллароо хувааж тараасан.

Энэ мөнгөөр тогтоогүй. Жишээ нь Т.Аюурсайхан нэг сая ам.долларыг эндээс авсан. Би нотлох баримтын хамт Т.Аюурсайханыг өгч байгаа.

Улмаар оффтэйк гэрээний нүүрс гарсан тонн тутмаас тодорхой мөнгөн дүнг тохирч үргэлжлүүлсэн. Багадаа 80-100 сая ам.доллар гарсан байх магадлалтай. Энэхүү шахалт явсаар байгаад улсын валютын нөөцөд нөлөөлөх хэмжээнд хүрсэн.

Б.Энхбаяр нь том компаниудад хуулийг манипуляц хийж, сенсацыг сенсацаар дарж, сенсац гаргаж тавиад ард нь мөнгө авдаг хуульчдын бүлэглэл маягийн юм байгуулсан. Үүнд Д.Мөнх-Эрдэнэ, Л.Отгонбаяр зэрэг хүн бий. Мөн "Орано майнинг"-тай хийх хэлэлцээрт ч энэ хуульчид оролцож, 300 орчим сая төгрөгийн гэрээ хийсэн. Тодруулбал "Орано майнинг"-тай холбоотой асуудал, энэ компанийг дэмжихгүй бол акц хийнэ, унагаана гэж нэр бүхий улстөрчдөд хэлсэн.

Мөн Р.Болд гэж нөхөртэй холбоотой хуучин нисдэг тэргийг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал тэргүүтэй нөхдүүдтэй Б.Энхбаяр тохиролцож, шинээр баримт бүрдүүлэн худалдаж авсан.

Дээрээс нь цагдаагийн алба хаагчдын цалингийн үлдэгдэл мөнгийг Б.Нямжав гэдэг хүнд шилжүүлсэн. Б.Нямжав нь уяач, Я.Содбаатар даргын хамгийн ойрын найз. 5 орчим тэрбум төгрөгийг аваад тараасан баримт бий" гэв.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг