Оросын тусламжийн дизель түлшийг тээвэрлэсэн хөлөг Кубад хүрч чадалгүй, чиглэлээ өөрчилжээ

Т.Давааням, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын эрх баригчид АНУ-ын эрчим хүчний хоригт орсон Куба улсад тусламжийн дизель түлш илгээсэн нь зорьсон газартаа хүрэх боломжгүй болжээ.

Оросын түүхий газрын тосыг ачсан “Anatoly Kolodkin”, дизель түлш ачсан “Sea Horse” хөлгүүд Куба улсад хүрэхээр Атлантын далайд гараад байсан юм.

Тэдний эхнийх нь болох 200,000 баррель дизель түлш ачсан Хонконгод бүртгэлтэй “Sea Horse” хөлөг өнгөрсөн Баасан гарагт чиглэлээ өөрчилж, Карибын тэнгисийн Тринидад ба Тобаго улс руу явсан нь олон улсын далайн тээврийн мэдээллийн сангаас тодорхой болжээ.

Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайнтай холбоотой үүссэн эрчим хүчний хямралаас зайлсхийхийн тулд Трампын засаг захиргаа Оросын газрын тосны хоригийг түр цуцлах 134 тоот лиценз гаргаж байсан юм.

Тэгвэл Оросын хөлгүүд Кубад хүрэхийн өмнөхөн буюу Пүрэв гарагт АНУ-ын сангийн яамны гадаад дахь хөрөнгийн хяналтын алба дээрх лицензийг 134А тоот лицензээр сольсон юм байна. Шинэчилсэн лиценз нь Оросын газрын тосыг хоригоос түр чөлөөлсөн ч Куба, Иран, Умард Солонгос, Крым болон Украины эзлэгдсэн бусад бүс нутгуудад нийлүүлэхийг нь хориглосон хэвээр үлдээжээ.

Энэ нь Куба улсад гаднаас ямар ч түлш шатахуун нэвтрүүлэхгүйн тулд онцгойлон авсан арга хэмжээ бололтой.

Тринидад ба Тобаго улс өөрийн газрын тос хадгалах, боловсруулах байгууламжуудыг ашиглуулах боломжийн талаар өмнө нь АНУ-ын засаг захиргаанд хандаж байжээ. Тус улсын эрчим хүчний хангамж байгалийн хийд тулгуурлах болсон тул хуучин газрын тосны байгууламжууд нь ашиглалтгүй болоод байгаа юм байна. Эндээс харвал “Sea Horse” хөлгийн ачааг Тринидад ба Тобагод буулгасан байж магадгүй болжээ.

Кремлийн эрх баригчид өөрийн уламжлалт түнш Куба улсад тусламж илгээх шийдвэр гаргасан нь Трампын засаг захиргааны зарласан түр цуцлалт хаа хүртэл үйлчлэхийг шалгасан туршилт байлаа.

 

Эх сурвалж: Reuters