Сирийн иргэд согтууруулах ундааны хязгаарлалтыг эсэргүүцэн жагсжээ
Ням гарагт Дамаск хотын төвд хэдэн зуун иргэн согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах Сирийн засгийн газрын шинэ журмыг эсэргүүцэн жагсжээ.
Өнгөрсөн долоо хоногт эрх баригчид Сирийн нийслэлийн ресторан, бааранд согтууруулах ундаа зарахыг хориглож, зөвхөн Христийн шашинтнууд амьдардаг гурван хорооллын дэлгүүрүүдэд зарахыг зөвшөөрсөн юм.
Эдгээр хорооллуудын нэг болох Баб Тумад цугларсан иргэд “хувь хүний эрх чөлөө халдашгүй” гэх мэт бичигтэй самбар барьсан байжээ.
Энэ үеэр жагсаалыг тараах ямар нэг оролдлого гараагүй ч аюулаас хамгаалах албаныхан хөндлөнгөөс хянаж байсан юм.
Жагсаалд оролцсон их сургуулийн профессор Ханан Асси сиричүүдийн хувьд “ядуурал, дүрвэгчид, орон гэргүйчүүд гэх мэт илүү чухал мянга мянган асуудал” шийдлээ хүлээж байгааг хэвлэлд шүүмжлэн ярьжээ.
Сүүлийн үед Сирийн эрх баригчид хувь хүний эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн шийдвэр дараалан гаргасан нь шашны хатуу дэг журам нийгэмд тогтох вий гэсэн айдсыг хүмүүсийн дунд бий болгоод байна.
Тухайлбал нийтийн наран шарлагын газруудад “төлөв даруу” хувцаслах, Латакиа хотын төрийн албан хаагчдад нүүрээ будахыг хориглох зэрэг журмууд саяхан нэвтэрсэн юм.
Сири улсад 2024 оны арванхоёрдугаар сард Башар аль-Ассадын дэглэмийг түлхэн унагасан зэвсэгт босогчид өөрийн засгийн газрыг байгуулсан. Шинэ засгийн газар загалмайтнууд зэрэг шашны цөөнхийн эрхийг хамгаалахаа амлаж байсан ч өнгөрсөн хугацаанд шашин хоорондын хэд хэдэн том мөргөлдөөн гарсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
