ФОТО: Дөрвөн жилийн дараа дахин нэгдсэн BTS хамтлаг Сөүл хотын төвд 100,000 гаруй үзэгч цуглууллаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гишүүд нь хугацаат цэргийн албаа хаахын тулд бараг дөрвөн жил уран бүтээлээ завсарласан дэлхийн шилдэг к-поп хамтлаг BTS өчигдөр орой Сөүл хотын төвд дахин нэгдсэний дараах анхны тоглолтоо зохион байгууллаа.

HYBE компанийн мэдээлснээр Бямба гарагийн орой Сөүл хотын төв Гванхвамуны талбайд болсон үнэ төлбөргүй тоглолтыг 104,000 орчим хүн үзсэн байна.

Хамтлагийн долоон гишүүн RM, Jin, Suga, J-Hope, Jimin, V, Jung Kook нар хамгийн сүүлд 2022 оны аравдугаар сард тайзан дээр цуг гарч байсан юм.

Нэг цаг үргэлжилсэн уг тоглолтод Баасан гарагийн үдээс хойш худалдаанд гарсан тус хамтлагийн “Arirang” шинэ цомгийн дуунууд багтжээ.

Тоглолтын үеэр Гванхвамуны талбай BTS хамтлагийн өнгө болох нил ягаан өнгөөр хучигдсан байв.

Ирэх сард BTS хамтлагийн дэлхийг тойрох аялан тоглолт эхлэх юм. Тэд уг тоглолтоосоо $1 тэрбумыг олох төлөвтэй байгаа. Гэхдээ Өмнөд Солонгосын эдийн засагт үзүүлэх нөлөө нь үүнээс хавьгүй илүү гэсэн тооцоо гарсан байна.

Үнэ төлбөргүй тасалбар авч чадсан 22,000 орчим хүн тоглолтыг тайзны дэргэд тусгай бүсээс үзсэн бол бусад нь ойр орчмын барилгууд дээр байрлуулсан том дэлгэцээс үзжээ.

Тэдний дунд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн BTS хамтлагийн шүтэн бишрэгчид байв. Үүнээс гадна Нэтфликс платформ уг тоглолтыг онцгой эрхтэйгээр шууд дамжуулсныг дэлхий даяараа үзэж сонирхсон юм.

Сөүл хотын захиргаа тоглолтын аюулгүй байдлыг хангахын тулд 15,000 орчим хүн ажиллуулсны 6,700 нь цагдаагийн албан хаагчид байжээ.

Баасан гарагийн оройгоос эхлэн төв талбайн ойр орчмын замуудын хөдөлгөөнийг хааж, метроны чиглэл, цагийн хуваарийг өөрчилсөн байна.

Үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд төв талбайд 200 метр өргөн, 1.2 км урт төмөр хаалт босгож, үүнд нэвтрэх 31 хаалган дээр металл илрүүлэгч байрлуулжээ.

Бямба гарагийн турш галт зэвсгийн хяналтыг чангатгаж, Өмнөд Солонгосын бүх зөвшөөрөлтэй иргэдэд галт зэвсгээ орон нутгийн цагдаагийн хэсгүүдэд хадгалуулах захирамж гаргасан байна.

Мөн терроризмын аюулаас сэргийлэхийн тулд Сөүл хотын метроны 17 өртөөний тээш хадгалах үйлчилгээг түр зогсоожээ.

Тоглолтын талбайн ойролцоо эрүүл мэндийн тусламж үзүүлэх нүүдлийн гурван станцыг ажиллуулсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Yonhap News, BBC, Reuters