АНУ-ын ерөнхийлөгч Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөөр сүрдүүллээ
Бямба гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэрвээ Ормузын хоолойг 48 цагийн дотор нээхгүй бол Ираны цахилгаан станцуудыг бөмбөгдөхөөр сүрдүүлсэн байна.
Ердөө өмнөх өдөр нь тэр Ираны эсрэг явуулж буй дайныхаа эрчийг сулруулах тухай ярьж байсан юм. АНУ, Израилийн эхлүүлсэн дайн дөрөв дэх долоо хоногтоо ороод байна.
Трампын сүрдүүлгийн хариуд Ням гарагт Ираны эрх баригчид хэрвээ ингэвэл Персийн булан дахь АНУ-ын эрчим хүчний болон бусад байгууламжуудыг бөмбөгдөхөө анхааруулжээ.
Хэрвээ талууд харилцан нэгнийхээ эрчим хүчний дэд бүтцүүдийг онилж эхэлбэл энэ нь Ойрх Дорнодын дайныг улам өргөжүүлж, дэлхийн эдийн засгийг ноцтой хямраах аюултай юм.
“Ерөнхийлөгч Трампын заналхийлэл нь тодорхойгүй байдал ноёлсон зах зээлд 48 цагийн дараа дэлбэрэх хугацаатай бөмбөг болж байна. Хэрвээ тэр энэ сүрдүүлгээ цуцлахгүй бол Хар Даваа гарагт дэлхийн хөрөнгийн зах зээл чөлөөт уналтаар унаж, газрын тосны үнэ огцом өсөх болно” гэж IG Markets санхүүгийн компанийн шинжээч Тони Сикамор хэлжээ.
Үнэхээр Трамп сүрдүүлгээ хэрэгжүүлбэл Ираны тал Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмиратын эрчим хүчний байгууламжууд руу пуужин харвах өндөр магадлалтай.
АНУ, Израилийн түрэмгийллийн хариуд Тегераны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн тавны нэг дамждаг Ормузын хоолойг хааснаар 1970-аад оноос хойших хамгийн том газрын тосны хямрал нүүрлээд байна.
Өнгөрсөн долоо хоногт Европын орнуудад түлш шатахууны үнэ 35 хувиар өссөн юм.
Бямба гарагийн орой 19:45 цагийн орчимд Трамп сошиал хуудсандаа “Хэрвээ Иран энэ цаг үеэс хойш 48 цагийн дотор Ормузын хоолойг бүрэн нээхгүй бол АНУ хамгийн томоос нь эхлээд тус улсын янз бүрийн цахилгаан станцуудыг устгах болно” гэж бичжээ.
Ням гарагт Тегераны төв хэвлэл Ормузын хоолой Ираны дайснуудаас бусад бүх улсын ачааны хөлгүүдэд нээлттэй байгааг мэдээлсэн байна.
Үнэхээр далайн тээврийн мэдээллийн сангаас харвал Энэтхэг, Пакистаны хөлгүүд саяхан Ормузын хоолойгоор аюулгүй нэвтэрсэн байгаа юм.
Ираны хамгийн том цахилгаан станцуудад Тегераны ойролцоох Дамаванд станц, зүүн өмнөд бүсийн Керманы станц, Хузестан мужийн Рамин станц зэрэг багтдаг.
Мөн Ираны өмнөд эргийн Бушер мужид тус улсын цорын ганц цөмийн цахилгаан станц оршдог юм.
Бямба гарагт Иран улс алсын тусгалын пуужинтайгаа батлан харуулж, 4,000 км зайд оршдог Энэтхэгийн далайн АНУ, Их Британийн цэргийн бааз Диего Гарсиа руу хоёр ширхэг баллистик пуужин харвасан байна. Энэ нь дайны цар хүрээ Ойрх Дорнодоос хальсан анхны тохиолдол байв.
“Эдгээр пуужингууд Израилд довтлох зорилгогүй байсан. Тусгал нь Берлин, Парис, Ром зэрэг Европын нийслэлүүдэд хүрэхүйц байна” гэж Израилийн армийн командлагч Эйал Замир мэдэгджээ.
Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад туслахыг Трамп холбоотнуудаасаа хүссэн ч нааштай хариу сонсоогүй.
Ням гарагт Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги хэрвээ талууд гал зогсоох тохиролцоонд хүрвэл тус улс мина цэвэрлэх зорилгоор байлдааны хөлгөө илгээж магадгүйг мэдэгдсэн юм.
АНУ-ын бусад холбоотнууд ч бас ийм байр суурьтай байгаа.
Өнгөрсөн долоо хоногт Reuters/Ipsos байгууллагуудын явуулсан санал асуулгад оролцсон Америкчуудын 59 хувь нь Иранд явуулж буй дайныг эсэргүүцэж, 37 хувь нь дэмжиж байв.
Энэ дайн АНУ-ын инфляцыг хөөрөгдөж, иргэд болон бизнесийн байгууллагуудад хүнд цохилт болж, арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө Трамп улс төрийн томоохон сорилттой тулгараад байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
