Израилийн ерөнхий сайд Ираны дайны талаар үг хэлэхдээ Есүсийг Чингис хаантай зүйрлээд загалмайтнуудад шүүмжлүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
50 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху одоо өрнөж буй Ираны дайны талаар гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Есүс Христийг Чингис хаантай зүйрлэн ярьсан нь загалмайн шашинтнуудын эсэргүүцэлтэй тулгарчээ.

Энэ үеэр тэр “харамсалтай нь та муу муухайг ялахын тулд хангалттай хүчтэй, хангалттай харгис байж чадахгүй юм бол Есүс Христ ч үнэндээ Чингис хаанаас ялгаагүй болохыг түүх баталж байна” гэж хэлсэн юм байна.

Дараа нь Нетаньяху “Түрэмгий нь зөөлнийг дийлнэ. Тиймээс танд өөр сонголт байхгүй” гэж Америкийн түүхч Дюрантаас эш татжээ.

Муу хүчийг дарахын тулд харгис байх ёстой гэсэн энэ санаа нь Ираны эсрэг явуулж буй дайнаа зөвтгөх зорилготой байв.

Загалмайн шашинтнуудын бухимдлыг намжаахын тулд өчигдөр буюу Баасан гарагт Нетаньяху өмнөх өдөр хэлсэн үгээ нэмж тодруулжээ.

“Израилд хамгаалагдаж, цэцэглэн хөгжиж буй Христэд итгэгчдийн талаарх миний хандлагыг гуйвуулсан худал хуурамч мэдээлэл тарсан байна. Тодорхой хэлье. Би хэвлэлийн хурлын үеэр Есүс Христийг доромжлоогүй” гэж тэр сошиал хуудсандаа англи хэлээр бичсэн байна.

Нетаньяху цааш нь “Харин ч эсрэгээрээ би Америкийн аугаа түүхч Уилл Дюрантаас эш татсан. Есүс Христийн шүтэн бишрэгч Дюрант ёс суртахуун дангаараа оршин тогтнолоо хамгаалахад хангалтгүй гэж хэлсэн юм. Ёс суртахууны хувьд дээгүүр соёл иргэншил өөрийгөө хамгаалах хүч чадалгүй бол хэрцгий дайсандаа ялагдах боломжтой. Үүнд ямар ч доромжлол байгаагүй” гэж тайлбарлажээ.

Есүсийн төрсөн газар гэгддэг Бетлхэм дэх Палестины лютериан сүмийн пастор Мюнтер Исаак сошиал хуудсандаа Нетаньяхугийн мэдэгдлийг “доромжлол” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

“Энэ нь Есүсийг Чингис хаантай харьцуулаад зогсохгүй, түүний сайн нь үргэлж муу муухайгаа дийлдэг гэж сургасан ариун зам мөрийг харгислал, хүчирхийлэлтэй харьцуулсан байна. Нетаньяху болон түүний загалмайн шашинт Сионист дэмжигчид Есүсийн ёс суртахууныг доромжиллоо” гэж тэр бичжээ.

 

Эх сурвалж: AFP