Говьд УСНЫ ашиглалтаа ухаалгаар шийдсэн УУРХАЙН жишиг
Өмнөговийн уурхайн талбар дээр өнөөдрийн байдлаар 6,000-6,800 орчим хүн хүч ажиллаж байна.
Говьд уурхайн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, олон мянган инженер техникийн ажилчид ажлаа хэвийн үргэлжлүүлэхийн тулд УСАН ХАНГАМЖ-ийн системээ шийдсэн байх нь нэн тэргүүний ажил арга хэмжээ болох биз ээ.
Тэр ч утгаараа Оюу толгой үйлдвэр ундны уснаас эхлээд үйлдвэрлэлийн шат дамжлагад зайлшгүй шаардагдах усны эрэлт хэрэгцээгээ арав гаруй жилийн өмнөөс судалж шийджээ.
Ингэхдээ малчдын хэрэглээний ус, малын ундаалах усыг үйлдвэрлэлдээ тэд ашигладаггүй.
Харин Гүний хоолойн газрын доорх усны ордын эрэл хайгуул хийж, нарийвчилсан судалгаа явуулснаар ажилчдын ундны ус, уурхайн талбарт ашиглах хэрэглээний усаа авч болох ордыг тодорхойлсон байна. Гүний хоолойн ус болон малчдын гүехэн худгууд хоорондоо холбоогүй тул Засгийн газрын зөвшөөрлийн дагуу 2011 оноос Гүний хоолойн уст давхаргаас ус татан, уурхайн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа нь энэ юм.
Үүний зэрэгцээ уурхайд ашигласан нийт усны 86.7 хувийг цэвэршүүлэн дахин ашиглаж, тоос дарах, усалгаа, зам барилга, замын болон барилгын материалын үйлдвэрлэл зэрэг олон зориулалтад хэрэглэдэг болохыг хэлж байлаа.
Өмнөговь аймгийн Ханбогд сумыг зорьж Оюу толгойн уурхайн ус ашиглалтыг сурвалжилснаа хүргэж байна.
Оюу толгойн уурхайн ус хангамжийн систем 28 гүний худагтай. Эдгээр гүний худаг нь ус цуглуулах таван станц дээр нэгддэг бөгөөд тэдгээр станцаас өргөх станц руу дамжуулж 200,000 метр кубийн хоёр усан сан нөөцлүүрт очно. Ийнхүү уурхайн талбар үйлдвэр, ахуй, ундны усны хангамжаа авдаг гэдгийг Усны үйл ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав тайлбарлаж байлаа.
Үйл ажиллагааны горимоос хамаарч 1-3 дугаар станц байнгын ажиллагаанд, харин дөрөв, тавдугаар цуглуулах станц нь шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажилладаг байна.
Тухайлбал тавдугаар цуглуулах станц нь таван гүний худагтай, суурилагдсан хүчин чадлаараа хамгийн жижиг станцад тооцогдоно. Оюу толгойд ашиглаж байгаа гүний худгууд нийтдээ 150-400 метрийн гүнээс усаа олборлодог.
Анх тогтоогдсон усны нөөц багасаж байгаа эсэхийг байнгын судалж байгаль орчны багуудтай хамтарч мониторинг явуулдаг гэдгийг хэлж байлаа.
"Худгийн түвшинд хориг хамгаалалттай. Ундарга нөхөгдөх хугацаа, нөөцтэй холбоотой хамгаалалтын зоонуудыг суурилуулсан. Тиймээс нэг худгийг тасралтгүй олон цагаар түвшин унатал ажиллуулдаггүй" гэдгийг Усны үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн тайлбарласан.
Усны төлбөрт жилд 27 тэрбум төгрөгийг төлж байна.
"Оюу толгой" компани усны төлбөрт сард 2.5 тэрбум, жилд ойролцоогоор 27 орчим тэрбум төгрөгийг төлдөг байна.
Байгаль орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар хэлэхдээ "Бид тоолуурын заалтаар баталгаажуулж, энэ заалтаараа Өмнөговь аймгийн төсөвт усны төлбөр тооцоогоо төлж байна.
Ашигласан усны хэмжээ, зарцуулалтын бүх мэдээлэл тоолуур дээр бүртгэгдэнэ. Ялгаагүй бусад 28 худгийн тоолуурын заалтыг сар бүрийн 25-нд зургаар баталгаажуулж, усны төлбөр тооцоогоо Ханбогд сумын байгаль хамгаалагчаар хянуулаад усны төлбөрөө тус аймгийн төсөвт төлдөг" гэдгийг ярилаа.
Тэд цаашид уурхайн усны ДАХИН АШИГЛАЛТЫГ 90%-д хүргэх зорилготой ажиллаж байгаагаа хэллээ.
Хэрэглэсэн усаа цэвэршүүлж дахин ашиглаж, эргэлтэд оруулан хэмнэж, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод мэдээлж, уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн бага ус ашиглалттай байх бодлогыг Оюу толгой үйлдвэр баримталж байна.
- Ус ашиглалтын хөндлөнгийн аудитыг таван жил тутам, зээлдүүлэгч байгууллагын аудитыг жилд хоёр удаа хийлгэдэг.
- 2025 оны сүүлийн байдлаар уухайд нийт 17,002,455 метр куб ус нөхөн сэлбэлтээр авч ашигласан байна.
Өмнөговь аймгийн төсөвт 2013-2025 оны хугацаанд ус ашигласны төлбөрт нийт 219.1 тэрбум төгрөг төлжээ.
Уурхайн цогцолборт хоёр том ус нөөцлүүр сан бий. Тус бүр 200,000 метр куб хэмжээтэй хоёр усан санд уурхайн усны хэрэглээг долоо хоног нөөцлөх боломжтой.
Тоног төхөөрөмж, шугам хоолойд гэнэтийн гэмтэл гарсан үед усаа нөөцөлж, уурхайн үйл ажиллагааны тасралтгүй бэлэн байдлыг хангах гол үүргийг хүлээнэ.
Ханбогд суманд газрын доорх усны хайгуулыг үе шаттай зохион байгуулж, 2003-2004 онд уурхайн талбайд судалгаа явуулсны үр дүнд газар доорх усны гурван ордыг нээж илрүүлснийг Байгаль орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар ярьж байлаа.
Тодруулбал
- Гүний хоолойн газар доорх усны орд,
- Галбын говийн газрын доорх усны орд,
- Нарийн загийн газрын доорх усны ордод хайгуул судалгааны ажил явуулжээ.
Эдгээр ордоос гүний хоолойн ордыг Оюу толгой уурхайн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.
Усны нөөц ба ашиглалтын талаар Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн "Монгол Улсын Их Хурлын 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ны өдрийн 92 дугаар тогтоолын “Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” тогтоолын 1.5-д Байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн 175 тоот "Газрыг улсын хэрэгцээнд авах тухай" тогтоолыг өөрчилж, говийн бүсийн гүний ус ашиглах нөхцөлийг харгалзан тогтоох” тухай заасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Усны газар”-ын 2021 оны аравдугаар сарын 25-ны өдрийн 01/947 дугаартай албан бичигт “Гүний хоолойн газрын доорх усны ордын ашиглалтын нөөцийг дахин үнэлж, хянан баталгаажуулах” тухай заасан. Эдгээр шаардлагын дагуу 2023 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр Усны газраас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь “Гүний хоолойн газрын доорх усны ордын ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгааны ажлын даалгавар”-ыг баталж, улмаар судалгааны ажлыг зохион байгуулж, одоогийн байдлаар Усны нөөцийн зөвлөлд өргөн бариад байна.
Хамгийн сүүлд буюу 2015 онд Гүний хоолойн газрын доорх усны ордын нөөц 918 литр секунд гэх ашиглалтын нөөцийг баталсан.
Батлагдсан нөөцөөс 2 дахин бага бус ашиглаж байна.
Уурхайд ашиглаж байгаа усны гол хэрэглэгч, ашиглагч нь баяжуулах үйлдвэр болдог. Өөрөөр хэлбэл баяжуулах үйлдвэрт олборлож буй нийт усны 90-ээс дээш хувийг ашигладаг гэсэн үг. Харин үлдсэн 10 орчим хувийг унд ахуйн хэрэглээ, бетон зуурмагийн үйлдвэр, дулааны станц зэрэг бусад хэрэглээнд зориулна.
Бидний хүлээх үүрэг бол батлагдсан нөөцөөс хэтрүүлэн ашиглахгүй байх ёстой. Үүнийг ашиглалтын худгууд дээр байрласан тоолуурын заалт, цооногт суурилуулсан усны түвшнээр тогтмол хянаж, шинжилдэг" хэмээн тайлбарлав.
Гидрогеологич мэргэжлийг сонгон суралцах оюутнуудын тоо нэмэгджээ
“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Усны газар болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран Гүнээсээ хайрлая мэдээллийн аяныг таван жил зохион байгуулсан билээ.
Энэ хүрээнд газрын доорх устай холбоотой мэргэжлийг сонгон судлах, суралцагчдын тоо нэмэгдсэнийг онцолж байв.
Байгаль орчин хариуцсан Ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар "ШУТИС-ийн Гидрогеологийн тэнхимд сүүлийн хэдэн жил элсэлт буурч байсан бол одоо элсэлт нэмэгдэж эхэлсэн.
Хүмүүс гидрогеологи гэхээр тэр бүр мэддэггүй, төдийлөн ойлгодоггүй. Гидрогеологи гэдэг бол газрын доорх усны нөөцийг хайж, эрж олж тогтоодог мэргэжилтнүүдийг хэлж байгаа юм аа. Энэ бол геологийн нэг салбар шинжлэх ухаан.
Өнөөдрийн байдлаар Монгол орны хэмжээнд нийт ус ашиглалтын 90-95 хувь нь газрын доорх усаар хангагдаж байна" хэмээв.
Оюу толгойн уурхайд нэг ээлжинд 6,000-6,800 орчим хүн хүч ажиллаж байна. Уурхайн талбарын усыг цэвэршүүлэн, савлах үйлдвэрт бэлтгэж ажилчдаа цэвэр усаар хангадаг.
Гүний хоолойн газрын доорх ус өндөр эрдэсжилттэй учир урвуу осмосын нано шүүлтүүрээр шүүдэг байна. Ундны усыг озоноор, ахуйн хэрэглээний усыг хлоржуулан ариутгадаг.
Ус савлах, цэвэршүүлэх үйлдвэр нь 2011 онд ашиглалтад оржээ. Одоогоор ундны ус цэвэршүүлж байгаа технологиудын хамгийн шилдэг нь урвуу осмос. Энэ технологи 10 гаруй жил болсон ч үүнээс сайн технологи хараахан гараагүй байгааг Усны үйл ажиллагаа хариуцсан Ахлах мэргэжилтэн Г.Мягмаржав хэлж байлаа.
Түүнчлэн уурхайн талбарт бохир ус цэвэршүүлэх дөрвөн байгууламж бий. Эдгээр байгууламжид ажилчдынхаа ахуйн хэрэглээнд ашигласан усыг цэвэршүүлж, зуны улиралд тоос дарах зорилгоор зам усалгаа болон бусад хэрэглээнд ашигладаг байна.
Бохир ус цэвэршүүлэхдээ MBR (Membrane Bioreactor) технологи ашигладаг бөгөөд бохир усыг 98-99 хувьтай шүүж, цэвэрлэдэг аж.
Оюу толгойн уурхайн хаягдал хадгалах байгууламж хоногт ойролцоогоор 110,000 тонн хаягдлыг хүлээн авдаг байна.
"Хаягдлын сан 2" нь нийтдээ 420 орчим сая тонн хаягдлыг хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 2023-2034 он хүртэл хаягдлыг хүлээн авахаар төлөвлөснийг “Оюу толгой” компанийн Далангийн хэлтсийн Гидрогеологич Д.Алтантунгалаг танилцуулсан юм.
Мөн тэрбээр "Далан гэдэг нь баяжуулах үйлдвэрт зэсээ ялгаж авсны дараа үлдэгдэл материал нь зутан хэлбэрээр ирж байгааг хадгалах зориулалттай байгууламж.
"Оюу толгой" компани нь 2013 онд энэ даланг байгуулж хаягдлаа хүлээн авч эхэлсэн. Нийт өндөр нь 70 метр, хоёр километр урт, хоёр километр өргөн буюу нийтдээ дөрвөн километр квадрат талбайтай.
Хоногт ойролцоогоор 60 хувийн нягттай 110,000 тонн хаягдлыг хүлээн авдаг. Усыг тунгаах замаар хоногтоо 35,000-45,000 метр куб усыг эргүүлэн дамжуулах станцаар дамжуулаад үйлдвэр рүү нийлүүлж байна. Тодруулбал
- Хаягдлын сан-1 360 сая тонн,
- Хаягдлын сан-2 420 сая тонн хаягдал хүлээн авах хүчин чадалтай байгууламж" хэмээн тайлбарлалаа.
Гүний хоолойн орд, худаг, ус нөөцлөх байгууламж, баяжуулах үйлдвэр, хаягдал хадгалах байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийн үйл ажиллагааг цогцоор нь шийджээ. Ашигласан усаа дахин цэвэршүүлж эргэлтэд оруулах, цаашид ус дахин ашиглах технологийн 90 гаруй хувиар нэмэгдүүлэхээр тэд зорьж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




















