ТЦА: Дөрөвдүгээр сарын 10-наас өмнө мотоцикл, мопед, скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цаг агаар дулаарч буйтай холбогдуулан зуны улирлын дугуйтай мотоцикл, мопед, скүүтер тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох тохиолдол эрс нэмэгдэж амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй эрсдэлтэйг Тээврийн Цагдаагийн Албанаас анхаарууллаа.

Тухайлбал энэ оны гуравдугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" загварын мотоцикл жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.

Иймд аймаг, нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс мотоцикл, мопед, скүүтерээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөв.

Судалгаагаар мотоциклтой зам тээврийн осол гарах дараах үндсэн шалтгаанууд тогтоогджээ.

Жолоодох эрхийн үнэмлэхгүй зорчих:

Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг байхгүй, тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвар суугаагүй, замын хөдөлгөөнд оролцох нь өөрийгөө болон бусдыг эрсдэлд учруулах гол хүчин зүйл болдог.

Засаг даргын захирамж зөрчих:

Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар замын гадаргуу, цаг уурын нөхцөл байдлыг үндэслэн мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглодог. Энэхүү хугацааг зөрчсөнөөс үүдэж гулгах, шарвах тохиолдол гарч онхолдох хэлбэрийн осол ихээр гардаг.

Хурдыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэх, хамгаалалтын хэрэгсэл, хамгаалах малгай хэрэглэхгүй байх үед:

Жолооч, зорчигч, гавал тархи, нуруу нугасандаа хавсарсан гэмтлүүд авах магадлал 80-90 гаруй хувьтай байдаг нь амь нас эрүүл мэндэд маш өндөр хохирол учруулдгийг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн.

Анхаарал болгоомжгүй байдал:

Явган хүний гарц, уулзвар дөхөх үед хурдаа сааруулах гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийхгүй байх, мотоциклийн техникийн зориулалт нь асфальтан зам уу бартаат зам уу гэдгээ мэдэхгүй байгаа нь эргээд жолооч зорчигч эрсдэлд ордог байна.