Америкийн тулаант киноны од Чак Норрис 86 насандаа таалал төгслөө

С.Мөнхцэцэг, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тулааны урлагийн мастер, кино од Чак Норрис 86 насандаа таалал төгссөнийг түүний гэр бүлийнхэн Баасан гарагт мэдээлжээ.

Гардан тулааны мэргэжилтэн байсан тэрбээр 1968 онд Дин Мартины “The Wrecking Crew” кинонд туслах дүр бүтээсний дараа урлагийн замналаа эхлүүлсэн юм.

Дөрвөн жилийн дараа “The Way of The Dragon” кинонд күнфүгийн од Брюс Литэй хийсэн гайхамшигт тулаан нь Норрисыг олны танил алдартан болгожээ.

“Өчигдөр өглөө бидний хайртай хүн Чак Норрис гэнэт таалал төгссөн нь манай гэр бүлд асар их уй гашуу авчирсныг та бүхэнтэй хуваалцаж байна. Дэлхий ертөнцийн хувьд тэр тулааны урлагийн мастер, жүжигчин, хүч чадлын бэлгэдэл байсан. Бидний хувьд тэр үнэнч нөхөр, хайртай аав, өвөө, гайхалтай ах, манай гэр бүлийн зүрх сэтгэл байлаа” гэж түүний гэр бүлийнхэн Инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна.

Норрис хэдхэн хоногийн өмнө 86 насны төрсөн өдрөө тэмдэглэхдээ бокс тоглож байгааг харуулсан дүрс бичлэгээ сошиал сүлжээнд нийтлээд “Би хөгшрөхгүй. Би түвшин ахиж байна” гэж мэдэгдэж байжээ.

Гэвч түүнийг тодорхойгүй өвчний улмаас Хавай мужийн Кауай арлын эмнэлэгт хэвтсэн тухай АНУ-ын хэвлэлүүд Пүрэв гарагт мэдээлсэн юм.

Гэр бүлийнхэн нь мэдэгдэлдээ түүний нас барсан шалтгааныг нууцалж, зөвхөн “хайртай дотны хүмүүсийнхээ дэргэд амар тайван амьсгал хураасан” гэжээ.

зураг
 

1940 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Оклахома мужийн Райан хотод төрсөн Карлос Рэй “Чак” Норрис нь Өмнөд Солонгос дахь АНУ-ын агаарын баазад цэргийн алба хааж байхдаа каратед үндэслэсэн солонгосын уламжлалт тулааны урлаг тансүдод дурлах болсон гэдэг.

Түүний “The Way of The Dragon” кинонд Брюс Литэй үзүүлсэн тулаан уг киноны төсөв болох $130,000-ыг 1,000 дахин өсгөсөн орлого оруулж байжээ.

Бага байхдаа Холливүүдийн од Жон Уэйнийг шүтдэг байсан Норрис 1962 онд цэргийн албаа хааж дуусгасны дараа Лос-Анжелес хотод тулааны урлагийн клубээ байгуулсан байна.

Улмаас 1967 онд Мэдисон Скюар Гарденд болсон тэмцээнээс АНУ-ын каратегийн аварга болж, Стив Маккүин, Присила Пресли, Донни Осмонд зэрэг алдартнуудад багшилж байжээ.

“The Way of The Dragon” киноны амжилт түүнийг жүжигчний ур чадварт суралцахад хүргэсэн юм.

Тэр үеэс хойш Норрис АНУ, Хонконгийн маш олон тулаант кинонд дүр бүтээж байв.

1983 онд тэр “Lone Wolf McQuade” кинонд зэвсгийн наймаачинтай тэмцэж буй Техасын байгаль хамгаалагчийн дүр бүтээсэн нь хожим “Walker, Texas Ranger” телевизийн цуврал бүтээх үндэс болсон юм.

Энэ цувралын найман бүлэг бүтээгдэж, Америкт маш их алдаршиж байв. Загалмайн шашны эвангелист урсгалыг шүтдэг Норрис архичин нөхрөөсөө салсан Ирланд гаралтай эмэгтэйн өсгөсөн гурван хүүгийн нэг байжээ.

Тэрбээр ахлах сургуулийнхаа найз бүсгүй Дайана Холечектэй 30 жил хамт амьдрахдаа хоёр хүүхдийн эцэг болж байв.

Дараа нь хоёр дахь эхнэр Гена О’Келлитэй хамт амьдрахдаа хүү, охин хоёртой болж байжээ.

Бас анхны эхнэртэйгээ хамт амьдарч байх үедээ гэр бүлээс гадуур харилцаанаас нэг охинтой болсон байна.

Бүгд Найрамдах Намын идэвхтэй дэмжигч Норрис 2012 онд Барак Обамад саналаа өгөхгүй байхыг эх орон нэгтнүүддээ уриалж байлаа.

Жилийн дараа тэр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг дэмжсэн утгатай видео мэдэгдэл цацаж байв.

2017 онд Норрис хоёр удаагийн зүрхний шигдээсийг давсан юм. Үүнээс хойш хоёр жилийн дараа тэр Glock зэвсгийн компанийн нүүр царай болсон нь галт зэвсгийн хүчирхийлэл гаарч байсан АНУ-д нэлээн маргаан дэгдээж байжээ.

 

Эх сурвалж: AFP