Их Британийн ГХХНХЯ-ны бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра Монгол-Британийн улс төрийн дугуй ширээний уулзалтад оролцоно
Их Британийн Гадаад Хэрэг, Хамтын Нөхөрлөл, Хөгжлийн Яамны Энэтхэг-Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра Монгол Улсад гуравдугаар сарын 23-25-ны өдрүүдэд айлчлан Британи-Монголын улс төрийн дугуй ширээний уулзалтад оролцох юм. Тус уулзалтыг Британийн талаас Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра, Монголын талаас Гадаад харилцааны Дэд сайд Г.Амартүвшин нар тэргүүлэн оролцох юм.
Улс төрийн дугуй ширээний уулзалтын үеэр хоёр орны харилцаа, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, геополитикийн байдал зэрэг олон асуудлыг өргөн хүрээнд ярилцан дараагийн алхмуудыг тохирох юм.
Их Британи улс нь Монгол улсын боловсролын салбарт тэр дундаа Англи хэлний багш нарын чадварыг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа бөгөөд энэ төслийн хүрээнд алслагдсан аймгуудын 740 орчим багшийг сургалтад хамруулан 140,000 гаруй сурагчдад хүрээд байна. Сайд Сийма Малхотра тус төсөлд хамрагдсан багш, сурагчдын төлөөлөл болон энэхүү төслийг хамтран хэрэгжүүлсэн Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонтой уулзана.
Тус айлчлалын талаар ГХХНХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн сайд Сийма Малхотра хэлэхдээ "Монгол Улс бол Их Британи улсын хувьд ардчиллын чухал түнш улс юм. Жар гаран жилийн өмнө бид барууны орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс болсон бөгөөд миний бие хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлж илүү аюулгүй, хөгжил дэвшилтэт ирээдүйн төлөө яриа хэлэлцээр хийхээр хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Бид хамтдаа олон амжилтад хүрч буйг Англи хэлний багш нарыг чадавхжуулан Монголын 147,000 гаруй сурагчдад хүрч ажиллаж байгаагаас эхлээд Улаанбаатарын анхны метро зэрэг томоохон төслүүдэд дэлхийн жишигт нийцсэн Британийн техник, технологийг нэвтрүүлэхийг зорин хамтран ажиллаж байгаагаас харж болно" гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин Сайдын Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
