Мобиком группийн 30 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлэв
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд Мобиком группийн 30 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо.
Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай нараар манлайлуулсан тус барилдаанд улсын арслан хоёр, улсын гарди нэг, улсын заан зургаа, улсын харцага зургаа, улсын начин 16 бөх зодоглосон юм.
Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай долоо давж түрүүлсэн бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэв.
Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын арслан Э.Батмагнай, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат улсын заан Д.Хүдэрбулга нар үлдсэн байна.
Тус барилдааны түрүү бөх ₮30 сая, үзүүр бөх ₮15 сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд тус бүр ₮5 саяар шагнуулсан юм.
Түүнчлэн ид барилдаж байгаа 16 бөхийн дунд явуулсан санал асуулгаар хамгийн их санал авсан дөрвөн бөхийн дунд халз барилдаан зохион байгуулсан.
Улсын заан М.Лхагвагэрэл, арслан Э.Батмагнай, Б.Орхонбаяр, аварга О.Хангай нар авсан саналаараа бусад бөхчүүдээ тэргүүлсэн юм.
Сар шинийн барилдааны түрүү, үзүүр залуу заан, аварга хоёр дахин учраа таарахад Завханы Яруугийн заан өрсөлдөгчөө давсан. Тэгвэл үндсэн барилдааны шөвгийн дөрөвт таарсан хоёр залуу арслан тусгай барилдаанд ч дахин таарч, Э.Батмагнай хариугаа авлаа.
Үзүүр түрүүнд Баянхонгор нутгийн залуу арслан давснаар тусгай барилдааны түрүү бөхөд олгох ₮20 саяыг гардав. Энэ барилдаанд үзүүрлэсэн бөхөд ₮10 сая, их шөвгийн хоёр бөхөд тус бүр ₮5 саяар шагнасан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
