Умард Солонгосын удирдагчийн өсвөр насны охин танк жолоодож үзүүлэв
Пүрэв гарагт Пёняны ойролцоо зохион байгуулагдсан танк, явган цэргийн байлдааны сургуулилалтын үеэр Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны өсвөр насны охин танк жолоодсоныг тус улсын төв хэвлэл өчигдөр мэдээлжээ.
Одоо 13 орчим настай гэгдэж буй Ким Жү Эйг эцгийнхээ залгамжлагч болохоор бэлтгэгдэж байгаа гэж Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан үздэг.
Сүүлийн жилүүдэд тэр Ким Жон Уны хамт олон нийтийн томоохон арга хэмжээнүүдэд байнга оролцох болсноос гадна галт зэвсэг эзэмшсэн ур чадвараа харуулах болсон.
Өнгөрсөн долоо хоногт аав, охин хоёр галт зэвсгийн үйлдвэрт шинэ загварын гар буу туршиж байсан бол өнгөрсөн сарын сүүлээр буудлагын талбайд дурантай урт буугаар цэц мэргэнээ шалгаж байжээ.
Өчигдөр нийтлэгдсэн гэрэл зураг, дүрс бичлэгт Ким Жон Ун охиныхоо жолоодсон танкны дээр сууж явсныг харуулсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

