Өмнөд Солонгосын автомашины сэлбэгийн үйлдвэрт гарсан гал түймрийн үеэр 14 хүний амь үрэгджээ
Өмнөд Солонгост автомашины сэлбэгийн үйлдвэр гал түймэрт шатсаны улмаас 14 хүний амь үрэгдэж, 60 орчим хүн гэмтжээ.
Үйлдвэрийн гурван давхар барилгын нурангиас сураггүй болсон бүх хүмүүсийн цогцсыг олж илрүүлсэн байна.
Тэжон хотод оршдог тус үйлдвэрт гарсан түймэр маш хурдтай тархсан тул гал сөнөөгчдийг ирэх үед ажилчдын зарим нь цонхоор үсэрч байжээ.
Баасан гарагийн үдээс хойш гал гарч эхлэхэд үйлдвэрт 170 орчим ажилчин байсан байна. Орон нутгийн цагаар Бямба гарагийн үдээс хойш галыг бүрэн унтраажээ.
Барилга нурах аюултай байсан, мөн дэлбэрч болзошгүй натри их хэмжээгээр хадгалагдаж байсан тул шууд усаар шүршиж чадаагүй нь гал унтраах ажиллагааг удаашруулсан юм байна.
Барилгаас 200 гаруй килограмм урвалд орох өндөр чадвартай химийн бодисыг эхлээд нүүлгэн шилжүүлжээ.
Галыг унтраахад 500 гаруй гал сөнөөгч, цагдаа, онцгой байдлын албан хаагчид оролцсон байна. Мөн хоёр гал сөнөөгч роботыг ажиллуулжээ.
Гэмтсэн хүмүүсийн зарим нь угаартсан, зарим нь цонхоор үсрэх үедээ бэртсэн байна. Амиа алдсан 14 хүний есийнх нь цогцсыг гуравдугаар давхрын биеийн тамирын хувцас солих өрөөнөөс олжээ.
Цогцсуудын зарим нь маш их түлэгдсэн тул таниулахын тулд ДНХ шинжилгээ авахаар болсон байна.
Албаныхан гал түймэр гарах болсон шалтгааныг мөрдөн шалгаж эхэлжээ. Нэг гэрч гал гарахаас өмнө дэлбэрэлтийн чимээ сонссоноо мэдүүлсэн байна.
2024 онд Сөүлийн ойролцоо Хвасонд литийн батарейн үйлдвэрт гал гарахад 23 ажилчин амиа алдаж байв. Энэ удаагийн осол түүнээс хойших хамгийн их хохиролтой үйлдвэрийн галд тооцогдож байна.
Тухайн үед батарей үйлдвэрлэгч Aricell компанийн гүйцэтгэх захирал 15 жилийн хорих ял сонсож байжээ.
2000-аас 2024 оны хооронд Өмнөд Солонгос даяар 10,000 гаруй хүн ажлын байранд амиа алдсан гэсэн статистик тоо баримт байдаг.
Сая шатсан үйлдвэр нь Hyundai, Kia болон бусад олон автомашин үйлдвэрлэгчдэд хөдөлгүүрийн хавхлага нийлүүлдэг Anjun Industrial компанийн эзэмшил юм байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Сон Жү Хван галын шалтгааныг тогтооход эрх баригчидтай хамтран ажиллаж, дахин ийм осол гаргахгүйн тулд аюулгүй байдлын стандарт, дүрэм журмаа сайжруулах арга хэмжээг авахаа амлажээ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн тус улсын ажилчдын аюулгүй байдлыг илүү сайн хангахын тулд шаргуу ажиллахыг холбогдох талуудад уриалсан байна.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
