Иран улс Израилийн цөмийн байгууламж руу пуужин харважээ
Иран улс өчигдөр өөрийнх нь Натанз дахь цөмийн байгууламжид довтолсны хариуд Израилийн цөмийн байгууламж байрладаг Димона хот руу пуужин харважээ.
Димона хотын захад Ойрх Дорнодын цорын ганц цөмийн зэвсгийн нөөц байрладаг гэж үздэг ч Израилийн эрх баригчид цөмийн зэвсэг эзэмшдэгээ хэзээ ч хүлээн зөвшөөрч байгаагүй юм.
Үүнээс өмнө Израилийн зэвсэгт хүчин Натанз дахь уран баяжуулах цогцолборт агаараас довтолсон ч Ираны тал “цацраг идэвхт бодис алдагдаагүй” гэж мэдэгдэж байв.
Димона хот руу харвасан пуужинг "амдаж устгах оролдлого" хэрэгжсэнийг Израилийн эрх баригчид мэдээлсэн байна. Гэхдээ пуужин хотын барилга байгууламжид туссаны улмаас 33 хүн шархадсаны дотор хүнд шархадсан 10 настай хүү байгааг бас мэдээлжээ.
Ираны төв телевиз үүнийг Натанз руу халдсаны хариу арга хэмжээ гэж тайлбарласан байна.
НҮБ-ын цөмийн хяналтын байгууллагын тэргүүн Рафаэл Гросси “цөмийн ослын эрсдэлээс зайлсхийхийн тулд цэрэг, зэвсгийн хүч хэрэглэхээ хязгаарлахыг” талуудад уриалжээ.
Натанзын байгууламжид Ираны цөмийн хөтөлбөрийн нэг хэсэг болох уран баяжуулах газар доорх систем байрладаг. Гэхдээ уг байгууламж өнгөрсөн оны зургаадугаар сард АНУ, Израилийн явуулсан агаарын цохилтын үеэр эвдэрсэн гэх мэдээлэл бий.
Израилийн зэвсэгт хүчний удирдлага Натанз агаарын цохилтод өртсөнийг “мэдээгүй” гэсэн байр суурьтай байна.
Бүтэн гурван долоо хоног үргэлжилсэн дайны үр дүнд Ираны пуужин, нисгэгчгүй онгоцны чадавх муудсан шинж төдийлөн харагдахгүй байгаа.
Ираны эрх баригчид дэлхийн эрчим хүчний тээвэрлэлтийн чухал зам болох Ормузын хоолойг хаагаад удаж байна.
Өчигдөр АНУ-ын цэргийн төв тойргийн командлагч, адмирал Брэд Купер тус улсын нисэх онгоцнууд хоолойн Ираны эрэгт оршдог далавчит пуужин, пуужин харвагч зэрэг бусад зэр зэвсгийн газар доорх нөөцийг устгахын тулд 2.2 тонн орчим бөмбөг хаясныг мэдээлжээ.
Үүний үр дүнд Ормузын хоолойд аюул учруулах Ираны чадавх нэлээд хэмжээгээр доройтсон гэсэн байна.
“Бид зөвхөн агуулахууд биш, бас хөлгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянахад ашигладаг тагнуулын байгууламжууд, радарын системүүдийг устгасан” гэж уг мэдэгдэлд дурдсан юм.
Ормузын хоолойн ачаа тээврийн урсгалыг хамтран хамгаалах АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын уриалгыг Европ, Азийн холбоотнууд нь хүлээж аваагүй.
Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи зөвхөн өөрийнх нь улсын эсрэг дайсагнаж буй улсуудад хоолойн хориг үйлчилж, бусад улсуудын хөлгийг аюулгүй нэвтрүүлэхээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
