Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарлаа
Мөнгөний бодлогын хороо энэ сарын 18, 20-нд ээлжит хурлаа зохион байгуулжээ.
Хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзэж бодлогын хүүг 12 хувьд хэвээр байлгах шийдвэр гаргасныг Мөнгөний бодлогын хорооны гишүүн Р.Даваадорж танилцууллаа.
Мөн тэрбээр "Өнгөрсөн онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын нөлөөгөөр инфляц буурч, 2026 оны хоёрдугаар сарын байдлаар 6.5 хувьд хүрч зорилтот интервалын голч дүнд дөхсөн. Инфляц буурахад хүнснээс бусад бараа үйлчилгээний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлсөн. Харин сүүлийн үед хүнсний барааны үнэ өсөж байгаа нь инфляцыг нэмэгдүүлэх нөлөөг үзүүлсэн.
Инфляц төв банкны зорилтот интервалд байх төсөөлөл хэвээрээ байгаа ч шатахуун болон мах, хүнсний ногооны үнэ өсөх эрсдэл нэмэгдэж байгаа нь цаашид инфляцын төлөвийг өөрчилж болзошгүй" гэв.
Мөнгөний бодлогын хороо нь 2025 оны гуравдугаар сард бодлогын хүүг хоёр нэгж хувиар өсгөн 12 хувьд хүргэж байв. Түүнээс хойш буюу бүтэн жилийн хугацаанд энэ хувь хэмжээ хадгалагдсаар байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
