Монгол Банкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрээр бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан байна.
Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзсэн талаар Монгол Банкнаас танилцууллаа.
Манай улсын гол худалдааны түнш БНХАУ болон АНУ-ын худалдааны хэлэлцээрт ахиц гарч буй өөрчлөлтүүд нь дэлхийн эдийн засгийн гүйцэтгэлд өөрчлөлт оруулж байна. Гэвч тарифын бодлогыг тойрсон тодорхойгүй нөхцөл байдлууд үргэлжилж эрдэс бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх хэлбэлзэл өндөр байгааг анхаарах нь зүйтэй байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц сүүлийн саруудад эрчимжин 11-р сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарч байна.
Инфляц ийнхүү өмнөх сараас нэмэгдэхэд махны үнэ улирлын хандлагаа даган буураагүй мөн ургац хураалт бага байснаар хүнсний ногооны үнэ харьцангуй өндөр байсан нь голлон нөлөөлөв. Улмаар хүнсний үнийн өсөлт болон багш, эмч нарын цалингийн өсөлттэй уялдуулан инфляцын өсөлтийг өмнөх оноос нэмэгдүүллээ.
Инфляцын төсөөлөл нэмэгдсэн ч төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн суурь нөлөө арилж эхэлснээр инфляц алгуур бууран зорилтод интервалын дээд орчимд тогтворжих хүлээлттэй байна. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал муудаж махны үнэ өсөх, шатахууны нийлүүлэлт буурч эдийн засгийн үйл ажиллагаа хязгаарлах зэрэг нийлүүлэлтийн шинжтэй инфляц нэмэгдэх эрсдэл өндөр байгааг онцлох нь зүйтэй.
Эдийн засгийн өсөлт 2025 оны гуравдугаар улирлын байдлаар 5.9 хувьтай буюу хүлээлтийн орчим гарсан тул өсөлтийн төсөөллийг хэвээр хадгаллаа. Энэ оны өсөлтөд хөдөө аж ахуйн салбар болон уул уурхайн салбар голлон нөлөөлж байна. Эдийн засаг энэ онд 5.8 хувиар ирэх онд 5.6 орчим хувиар өсөх хүлээлттэй байна.
Цаашид бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийн явц, гадаад дотоод эрэлт түүхийн эдийн үнэ зэрэг нь өсөлтийн төлөвийг өөрчилж болзошгүй.
Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 10 сарын байдлаар 141 сая ам.долларын ашигтай гарахад зэс, алтны үнэ түүхэн дээд түвшинд давж өсөж байгаад нүүрсний үнийн уналтын сөрөг нөлөөг бууруулж байна. Нөгөө талаас мөнгө санхүүгийн бодлогын нөлөө үр дүнгээ өгч импорт буурч гадаад худалдааны тэнцэл сайжрахад нөлөөлж байна.
Гадаад валютын албан нөөц арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар 6 тэрбум ам.долларт хүрч нэмэгдлээ.
Тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцэхүйц хэмжээний эх үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох эх үүсвэрээс хасаж тооцох
Тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 хүртэл сараар нэг удаа сунгаж, тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн активт тооцохгүйгээр ангиллыг хэвээр хадгалах
Тэтгэврийн зээлд тогтоосон 150 хувийн эрсдэлийн жингийн хэмжээг 100 хувь болгон бууруулахаар шийдвэрлэлээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!