Хэдийгээр эдийн засаг нь туйлдсан ч Куба улс АНУ-ын болзошгүй түрэмгийллийн эсрэг тэмцэхэд бэлэн гэв
АНУ-ын эрчим хүчний хориг арга хэмжээ Куба улсын эдийн засгийг туйлдуулж байгаа ч эзлэн түрэмгийлэхийг оролдвол эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн байгааг Хаванын өндөр албан тушаалтан өчигдөр мэдэгджээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлд ярихдаа Кубыг эзлэх нь түүний хувьд “нэр төрийн хэрэг” болохыг онцолсон юм.
Гэхдээ Пүрэв гарагт Конгрессын гишүүдэд мэдээлэл өгөхдөө АНУ-ын зэвсэгт хүчний Латин Америкийн бүс нутаг хариуцсан генерал одоогоор Куба улсыг эзлэх ямар нэг ажиллагаа төлөвлөгдөөгүй байгааг баталж байв.
Тэгвэл Ням гарагт Кубын гадаад хэргийн дэд сайд Карлос Фернандес де Коссио хэрвээ АНУ эзлэн түрэмгийлэхийг оролдвол хариу эсэргүүцэл үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгджээ.
“Манай улс гаднын эзлэн түрэмгийллийн эсрэг улс үндэстнээрээ тэмцэх бэлэн байдлыг хангасаар ирсэн түүхтэй. Ийм зүйл болох магадлал бага ч бид үүнд бэлтгэхгүй байх нь дэндүү гэнэн хэрэг болно” гэж тэр NBC сувгийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн байна.
Коссио цааш нь “Бид яагаад ийм зүйл болох ёстойг ойлгохгүй байна. Ямар ч үндэслэл харагдахгүй байна” гэж хэлжээ.
Хоёр улс энэ сарын эхээр анх удаагаа дипломат яриа хэлэлцээ эхлүүлсэн. Энэ үеэр Кубын коммунист засаглалыг солих асуудал яригдаж байгаа гэсэн мэдээлэл тараад байна.
Коссио өчигдөр үүнийг эрс няцаажээ.
Өнгөрсөн долоо хоногт Куба улс бүхэлдээ гурав дахь удаагаа цахилгаан хангамжгүй болсон юм. Ням гарагаас зарим хэсгийн хангамжийг сэргээж эхэлжээ.
Тухайлбал Ням гарагийн өглөө нийслэл Хавана хотын 72,000 орчим хэрэглэгч, түүний дотор таван эмнэлэг гэрэл цахилгаантай болсныг албаныхан мэдээлсэн байна.
Гэхдээ энэ нь нийслэлийн хоёр сая орчим оршин суугчийн өчүүхэн хэсэг юм. Энэ оны эхээр Хаванын эрх баригчдын гол холбоотон Венесуэл улсын ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэм унасны улмаас Кубын газрын тосны нийлүүлэлт тасалдаж, эрчим хүчний ноцтой хямрал эхэлж байв.
Саяхан Кубын ерөнхийлөгч Диас-Канел тус арал улс гурван сарын турш гаднаас ямар ч газрын тосны бүтээгдэхүүн аваагүйг баталж байлаа.
Куба улс нь өөрийн нийт түлш шатахууны хэрэгцээнийхээ 40 хувийг арай ядан үйлдвэрлэдэг юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
