Оросын төмөр зам алдагдалтай ажиллах болсны улмаас 6,000 ажлын байр цомхотгож, эд хөрөнгөө зарна
Өнгөрсөн долоо хоногт “Оросын Төмөр Зам” компанийн гүйцэтгэх захирал Олег Белозеров ачаа тээврийн урсгал багасаж, алдагдалтай ажиллах болсон тул нийт ажлын байрныхаа 15 хувийг цомхотгох болсныг Интерфакс агентлагт ярьжээ.
“Бид 6,000 орчим хүнийг уг цомхотголд хамруулна” гэж тэр хэлсэн байна.
Энэ мэт бусад зардал танах арга хэмжээнүүдийг авсны үр дүнд 2026 онд 74 тэрбум рубль хэмнэх тооцоо гарсныг Белозеров мэдээлжээ.
Цомхотголоос гадна түлш шатахуун, цахилгаан эрчим хүч, засвар үйлчилгээний зардлуудыг танаж, байгууллагын бүтцийг бүхэлд нь шинэчлэх төлөвлөгөө үүнд багтсан юм байна.
“Оросын Төмөр Зам” компани 2025 оны намар удирдлагын түвшний ажилтнуудын тоог цөөрүүлэх, шинэ ажлын байр нэмэхгүй байх төлөвлөгөөг зарлаж байжээ.
Тус компани өнгөрсөн онд 2020 оноос хойш анх удаагаа 4.4 тэрбум рублийн алдагдалтай ажилласан юм. Харьцуулбал өмнөх жил нь 44 тэрбумын ашигтай ажиллаж байжээ.
Компанийн нийт өр өнгөрсөн онд $50 тэрбумд хүрч, 2025 оны эхний есөн сарын хүүгийн зардал нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин нэмэгдэж, 332 тэрбум рубльд хүрсэн байна.
Украины дайн эхэлснээс хойш ачаа тээвэрлэлтийн хэмжээ улам буурч, 2025 оны эцсийн байдлаар 1.1 тэрбум тоннд хүрсэн нь 2009 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болжээ.
Санхүүгийн хүндрэлүүдийн улмаас “Оросын Төмөр Зам” 2026 оны хөрөнгө оруулалтын хэмжээгээ дөрөвний нэгээр бууруулж, зарим эд хөрөнгөө зарж, ажилчдадаа цалингүй чөлөө олгож эхэлсэн байна.
Дуудлага худалдаагаар эд хөрөнгө зарах төлөвлөгөөнд Рижскийн төмөр замын өртөөг 4 тэрбум рублиэр, Коптево дүүргийн Лихоборын депог 3.5 тэрбумаар, Красная Сосна гудамжинд байрлах салбарын байраа 2 тэрбумаар зарах зэрэг дэд төлөвлөгөөнүүд багтжээ.
Мөн Москва хотын бизнесийн дүүрэгт байрладаг “Moscow Towers” оффисын барилгаа зарахаар төлөвлөсөн ч одоогоор үнийг зарлаагүй байгаа юм байна.
Үүнээс гадна Холбооны Ачаа Тээврийн (ФГК) компанийн 49 хувийн эзэмшлээ 44 тэрбумд рублиэр зарахаар болжээ.
“Оросын Төмөр Зам” эд хөрөнгийн борлуулалтаас нийтдээ 200 тэрбум рубль олох тооцоо гарсан байна.
Энэ онд тус компани Оросын засгийн газраас 200 тэрбум рублийн төсвийн дэмжлэг авах төлөвлөгөөтэй байсан ч ердөө 65 тэрбумыг авч чаджээ.
Тиймээс 2026 оны гуравдугаар сараас ачаа тээврийн тарифаа нэг хувиар өсгөхөөр болсон байна. Энэ өсөлт тус компанид 22.3 тэрбум рублийн нэмэлт орлого оруулах гэнэ.
Эх сурвалж: Интерфакс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
