Монгол бөхчүүд мэргэжлийн сүмогийн дөрвөн зиндаанд түрүүлэв
Мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээн сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнгийн ялалтаар өндөрлөлөө.
Ингэснээр Б.Лхагвасүрэн Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн юм. Ирэх дөрөвдүгээр сард 30 нас хүрэх Дорнод нутгийн хүү 12 даваа, гурван унаагаар тэргүүлэв. Башёгийн 14 дэх өдрийн дараа түрүүлэх нь нэгэнт тодорхой болсон Б.Лхагвасүрэн 2023 оны тавдугаар болон арваннэгдүгээр сарын тэмцээнд өнгөлж байв.
Улмаар 2024 оны нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлбэл ёкозүна болох болзол сонссон боловч дөнгөж 11 ялсан билээ.
Ингээд гуравдугаар сарын тэмцээнд тав ялснаар кадобан буюу сануулга авч тавдугаар сарын тэмцээнийг дундаас нь орхисноор озеки цолоо алдсан юм.
Гэхдээ сүүлийн хоёр тэмцээнд дараалан 11 ялж, дайчин барилдааны тусгай шагнал хүртсэн бол энэ удаад түрүүлснээр гарамгай барилдааны тусгай шагнал авлаа.
Мөн сүүлийн гурван тэмцээний давааны нийлбэр 34 болсноор озеки цолоо эргүүлэн авах боломж бүрдэж буй. Эцсийн шийдвэрийг мэргэжлийн сүмогийн холбоо гаргах юм.
Энэ тэмцээнд түрүүлбэл ёкозүна цолд яригдаж байсан Украины озеки Аонишики долоо давж, найм унаснаар ирэх тэмцээнээр кадобан буюу сануулгатай барилдахаар болов. Тавдугаар сарын башёд тэр дахин 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй бол цолоо алдах эрсдэлтэй.
Тэмцээний сүүлийн өдөр даваа, унаа нь тэнцсэн залуу озекиг ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн хүлээж байв. Хэдийгээр дөрөв унаснаар энэ тэмцээнд түрүүлэх боломжгүй болсон ч сүүлийн гурван тэмцээнд дараалан унасан Аонишикигээс хариугаа авах боломжийг тэр алдсангүй.
Дайчин барилдааны тусгай шагналыг маэгаширагийн барууны таваас 11 давсан Котошохо, барууны 13-аас барилдаад 10 давсан Фүжисеүн нар хүртсэн бол маэгаширагийн зүүний хоёроос найм давсан Фүжинокава техниктэй бөхөөр шалгарав. Энэ жил 21 настай япон залуу энэ тэмцээнд хоёр ёкозүнаг дараалан ялсан юм.
Мэргэжлийн сүмогийн зургаан зиндаа байдгаас монгол бөхчүүд тавд нь түрүүлэх боломж байлаа. Санданмэ зиндаанд улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох зургаан даваатайгаар өндөрлүүлснээр түрүүлэх боломжоо алдсан.
Харин жюүрёо зиндаанд Дэванорюү Т.Тэмүүлэн анх удаа түрүүлэв. Ирэх тавдугаар сард 25 нас хүрэх Т.Тэмүүлэн энэ тэмцээнд 11 ялсан юм. Сүүлийн хоёр өдөр дараалан ялагдсанаар ижил үзүүлэлттэй Ваканошотой нэмэлт барилдаан хийж ялснаар энэ зиндаанд анхны түрүүгээ хүртлээ.
Макүшита зиндаанд оюутны ёкозүна асан Ваканофүжи Т.Бөхчулуун түрүүлснээр ирэх тэмцээнд сектори буюу цолтой бөх болно.
Жонидан зиндаанд Асахифүжи Б.Очирсайхан 7:0 амжилттайгаар ижил даваатай Кирюёкотой нэмэлт барилдаан хийж ялснаар хоёр тэмцээн дараалан түрүүлэв. 2002 онд төрсөн Б.Очирсайхан 187 см өндөр, 148 кг жинтэй юм.
МОНГОЛ БӨХЧҮҮД
Дээд зиндаа
- Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 11:4
- Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн - 12:3
- Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн - 1:6:8
- З-7 Ошома П.Дэлгэрбаяр - 6:9
- Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил - 5:10
- З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан - 10:5
- З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох - 10:5
Жюүрёо
- Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар - 9:6
- З-9 Тамашёохо Э.Энхманлай - 6:9
- З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн - 11:4
- Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц - 10:5
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
