Ж.Батжаргал: Аль нэг намын дарга УИХ-ын даргаар давхар ажиллаж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй

Н.Эрхбаяр, iKon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна. 

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал улс төрийн цаг үеийн асуудалтай холбогдуулан тайлбар өглөө.

Учир нь өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зүгээс МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа хүлээлгэн өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэх шийдвэрээ танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан олонхыг бүрдүүлж буй МАН-ын гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа тул УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдаж чадахгүй байгаа билээ.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн бүлгийн хуралд 52 гишүүн оролцсон. УИХ-ын даргын өмнөд хөршид хийж буй төрийн өндөр хэмжээний айлчлалын бүрэлдэхүүнд 12 гишүүн оролцож байгаа. Бүгд цахимаар оролцсон. Өнөөдрийн хуралд 16 гишүүн оролцоогүй. Таван гишүүн эрүүл мэндийн шалтгаантай, гурван гишүүн гадаад арга хэмжээтэй, зургаан гишүүн хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр хуралд суугаагүй. Бүлгийн ажлын албаар дамжуулж хуралдаа суух чиглэл өгч байгаа. 

УИХ дахь олонхыг бүрдүүлж буй манай бүлгийн хувьд УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоог хангахын төлөө ажиллаж байгаа. Пүрэв, Баасан гарагийн чуулганы хуралдаан хуваарийн дагуу явах нөхцөл бололцоог хангана.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гэхдээ УИХ-ыг бүрдүүлж буй улс төрийн хүчнүүд ард түмний сонголтыг хүндэтгэж чуулганы үйл ажиллагаанд оролцох ёстой. Янз бүрийн саналын зөрүүтэй асуудал байж болно, УИХ-ын дэгийн тухай хуулиар зохицуулагдсан завсарлагаа авдаг баймаар байна. Түүнээс биш улс төрийн барьцаа хийж байгаа юм шиг чуулганы хуралдаанд бүлгээрээ суухгүй гэж шийдвэр гаргадаг эрх зүйн зохицуулалт байхгүй. 

Монгол Улс өнөөдөр парламентын засаглалтай эрх зүйт төрийг төлөвшүүлж буй улс орон. Өнөөдөр бидний мөрдөгдөж буй хуулиар аль нэг намын дарга УИХ-ын даргаар давхар ажиллаж болохгүй гэсэн хуулийн хязгаарлалт байхгүй. Урьд өмнө нь хийж байсан практик байдаг.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачлан оруулж ирсэн. Энэ бол цоо шинээр орж ирсэн зүйл биш, Үндсэн хуульд энэ үзэл санаа бий. Харин яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудлыг нарийсгаж заасан зүйлүүд байгаа. Бид хэлэлцэх эсэхийг дэмжээд, хэлэлцүүлгийн түвшинд илүү боловсронгуй болгох ёстой" гэв.