Д.Отгонбаяр: Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн мюзиклийг толилуулна
“Хурд” хамтлаг Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний тайзны мюзикл жүжиг хийхээр албан ёсны дүрийн сонгон шалгаруулалтаа зарлаж буйгаа мэдээлж, хэвлэлийн хурал зохион байгуулав.
Хурд хамтлагийн Ерөнхий продюсер, МУГЖ Д.Отгонбаяр "Энэ оны намар буюу аравдугаар сард соёл урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулахуйц томоохон ажлыг хамтлагийнхаа 35 жилийн ойг угтан зохион байгуулна.
Их Британийн тайзны найруулагч, гэрлийн найруулагч, хөгжмийн найруулагч зэрэг тайзны нарийн мэргэжлийн хүмүүс хамрагдаж, гадаад дотоодын уран бүтээлчид хамтран Монголд анх удаа мэргэжлийн өндөр түвшний стандартыг тогтоох гэж байна.
Дэлхийн стандартад нийцсэн мюзикл болох учраас зөвхөн Хурд хамтлагийг тойрсон баг бүрэлдэхүүн гэхээс илүүтэй Монголд соёл урлагийн төлөө, театрын төлөө зүтгэж байгаа олон сайхан авьяастан оролцох юм" гэлээ.
Цаашид уг бүтээлийг Англи, Европ болон Зүүн Өмнөд Азийн орнуудад тоглуулах урт хугацааны зорилготой байгаа аж.
Энэ талаар "Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Англи дахь продюсероор ажиллаж, дүрийн сонгон шалгаруулалт, дууны болон гэрэлтүүлгийн дизайн, хөгжмийн дуугаралт, техникийн шийдэл, бүжиг дэглэгчээр мэргэшсэн Британийн мастер уран бүтээлчдийг сонгон ажиллуулна.
Тэд манай улсад ирж, монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллах хугацаандаа театр, урлагийн салбарын уран бүтээлчдэд зориулсан мэргэжлийн мастер сургалтуудыг зааж, Монголын хөгжмийн театрын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна. Продюсерын баг Британийн уран бүтээлчдийг 2026 оны дөрөвдүгээр сард зарлахаар төлөвлөж байна.
Мөн дүрийн шалгаруулалтад Британийн мэргэжлийн жүжигчид уран бүтээлчид болон Монголын сор болсон залуу уран бүтээлчдийг шалгаруулан оролцуулна" хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!




