Хүйсийн маргаантай Тайванийн боксчин Лин Юү Тин Монголд болох ААШТ-д оролцоно

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Парисын олимпын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд аваргалсан Тайванийн Лин Юү Тин энэ сард Улаанбаатар хотноо эхлэх сонирхогчдын боксын тивийн аваргад оролцох эрхтэй болсныг тус арлын боксын холбооноос албан ёсоор зарлав.

Дэлхийн Боксын Холбоо (World Boxing) өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хүйсийн шалгалт авч байхаар болсон юм. Тэгвэл Лин Юү Тин уг шалгалтаар эмэгтэй болох нь батлагдсаныг дээрх мэдэгдэлд онцолжээ. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой эрүүл мэндийн мэдээллийг дэлгэрэнгүй нийтлэхээс татгалзсан байна.

Уг шалгуурыг үндэслэн түүний тамирчны эрхийг сэргээж байгаагаа холбооныхон өнгөрсөн Бямба гарагт албан ёсоор зарлажээ.

Ингэснээр тэр энэ сард Улаанбаатар хотод нээлтээ хийх тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болов.

Ирэх арванхоёрдугаар сард 31 нас хүрэх Лин Юү Тин олимпын аваргаас гадна дэлхийн хошой аварга (2018, 2022), нэг хүрэлтэй (2019). Түүнийг болон Алжирын боксчин Иман Хелифийг хүйсийн маргаанаар 2023 оны ДАШТ-ээс хассан юм.

Тухайн үед Олон Улсын Боксын Холбоо (IBA) ийм шийдвэр гаргаж байв.

Хожим олимпын боксыг Дэлхийн Боксын Холбоо зохион байгуулах эрх авснаар дээрх хоёр тамирчныг олимпод оролцуулах шийдвэр гаргасан нь одоог хүртэл бокс сонирхогчдын дунд маргаан дагуулаад буй. 

 

Эх сурвалж: World Boxing