Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны эцэг нэгт ах нь болох Ким Жон Нам авга ахыгаа цаазлуулснаас хойш ор сураггүй байж байгаад Малайзд явж байгаа нь харагдсан хэмээн “Чосон Ильбо” сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэгдүгээр сарын эхээр Ким Чен Нам Малайзийн нийслэл Куала Лампур дахь нэгэн Солонгос ресторанд хооллосон байна. 2011 оны 12 дугаар сард Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийг нас барахаас өмнө түүний том хүү болох Ким Жон Нам Хятадад амьдардаг байгаад, дүүгээ төрийн эрхэнд гарсны дараа Өмнөд Азийг зорьжээ.
Түүнийг өнгөрсөн жил нууцаар Франц руу явж, тэндэхийн нэр хүнд бүхий их сургуульд сурдаг хүүгээ эргэсэн гэж мэдээлж байсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ким Жон Нам Малайз дахь БНАСАУ-ын элчин Чан Ен Чхолийн ивээл дор Малайзд амьдарч байжээ. Чан Ен Чхоль нь төрөөс урвасан хэргээр цаазлуулсан Чан Сон Тхэкийн хамаатан байсан юм. Тиймдээ ч өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр эх орондоо дуудагдаж, харин долоо хоногийн дараа Чан Сон Тхэкийг цаазласан тухай мэдээлэл тархаж байлаа.
Ким Жон Нам цаазлуулсан авга ахынхаа гэр бүлд өссөн тул амь насанд нь аюул учирахаас болгоомжилж ийнхүү Малайзд нуугдах болсон гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Түүнчлэн Ким Жон Уны дэглэмийг унагаах нөхцөл болгон ашиглах зорилгоор Ким Жон Намыг Хятадын удирдлагууд хамгаалдаг гэж шинжээчид үздэг юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!