Өмнө нь барынх гэж үздэг байсан эртний олдворуудыг дахин судалсан эрдэмтэд хэдэн арван мянган жилийн тэртээ Японы арлуудын нэлээд өргөн хэсэгт арслан амьдарч байсныг анх удаа тогтоожээ.
Ийм олдворуудын дээжээс ДНХ (Дезоксирибонуклейн хүчил) болон уургийг гарган авч, шинжилсний үр дүнд одоо устаж үгүй болсон агуйн арслангийнх болохыг тогтоосноо саяхан “Proceedings of the National Academy of Sciences” сэтгүүлд мэдээлсэн байна.
Ойрх Дорнодоос Алс Дорнод хүртэл үргэлжилдэг арслан-барын шилжилтийн бүсийн хамгийн зүүн захад оршдог Японы арлуудад эрт цагт арслан амьдарч байсан эсэхийг тогтоох зорилгоор уг судалгааг явуулжээ.
Агуйн арслангууд Евразийн хойд хэсэгт, барууд өмнөд хэсэгт амьдардаг байсан юм.
Эрдэмтэд энэ судалгаандаа Япон даяар олдсон 26 олдворын дээжийг ашиглахад бүгд арслангийнх байжээ.
“Өмнө нь олон жилийн турш Японы арлуудад бар амьдарч байсан гэж үздэг байсан бол энэ нь няцаагдаж, барын оронд ижил хугацаанд агуйн арслан зүүн хойд Азийн бүс нутагт олноор тархан амьдарч байсныг баталлаа” гэж судлаачдын тайланд дүгнэсэн байна.
Арслангууд нэг сая орчим жилийн өмнө Африк тивээс гарч, Еврази даяар тархсан гэж үздэг. Энэ амьтан 73,000-38,000 жилийн өмнө мөстлөгийн улмаас далайн түвшин буурч, Японы хойд бүс нутаг эх газартай холбогдсон байх үед Японы арлуудад ирсэн гэж үзэж байна.
Ямагүчи мужаас илэрсэн олдворуудаас харахад арслангууд Японы баруун хэсэгт түлхүү тархсан байх магадлалтай гэнэ.
Японы арлуудад хүмүүс 40,000-35,000 жилийн өмнө ирсэн бол агуйн арслан 10,000 жилийн өмнө устаж үгүй болсон байна.
“Энэхүү олдворууд нь арслан, барын харилцан үйлчлэл, тэдгээрийн экосистемд үзүүлэх нөлөөллийг судлахад чухал ач холбогдолтой юм” гэж судалгаанд оролцсон “Graduate University for Advanced Studies” сургуулийн дэд профессор Такүми Цутаяа ярьжээ.
Эх сурвалж: Kyodo News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!