102 Police аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл илгээсэн иргэдэд урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ноос олгож эхэлнэ гэж мэдээлээд буй.
Энэ талаар Замын Хөдөлгөөний Удирдлагын Төвийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Баярцэцэгээс тодруулахад "2025 оны арваннэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд 102 Police аппликэйшнд 11,727 иргэнээс замын хөдөлгөөний зөрчлийн мэдээлэл ирсэн байна. Эдгээр иргэний ирүүлсэн мэдээллээс 126,769 зөрчил баталгаажсан.
Зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсөн тохиолдолд мэдээлэл ирүүлсэн иргэдийн урамшууллыг олгох журамтай. 126,769 зөрчлөөс 62,886 жолооч торгуулиа төлжээ. Ингэснээр энэ улиралд иргэдэд олгох урамшууллын дүн 143,704,400 төгрөг болж 9,112 иргэн авахаар байгаа юм. Үүнээс 5,519 иргэн банкны IBAN дансны дугаараа 102 аппликэйшнд холбосон бөгөөд өчигдрөөс урамшууллын мөнгийг данс руу нь шилжүүлж эхэлсэн, 72 цагийн дотор дуусна. Урамшууллын мөнгийг олгохдоо Хуульзүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаал болон Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуулийн дагуу 10%-ийг суутгаж авч, иргэдийн дансанд шилжүүлж байгаа.
Харин 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө IBAN дансны дугаараа холбож амжаагүй 3,593 иргэний урамшууллыг дараагийн улиралд буюу дөрөвдүгээр сард нөхөж олгоно.
102 Police аппликэйшнэр зөрчлийн мэдээлэл илгээсэн иргэд хэдэн зөрчил илгээж, баталгаажсан, зөрчил гаргасан жолооч торгуулиа төлсөн эсэх, хэчнээн төгрөгийн урамшуулал авахаа аппликэйшний "Гомдол, мэдээлэл" цэсний "Таны мэдээлсэн зурган зөрчил" хэсгээс харах боломжтой" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!