Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн нийслэл хотын явган хүний зам дээр машинаа байршуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон жолооч нарын мэдээллийг иргэд 102 аппликэйшнээр дамжуулан Тээврийн Цагдаагийн алба, ЗХУТ-д мэдэгдэх боломжтой болсон.
Тус аппликэйшнээр зөрчил мэдээлсэн иргэн болон ААН, байгууллагыг 20 хүртэлх хувиар урамшуулахаар болжээ. Урамшуулал олгох журам арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлнэ гэж "Замын хөдөлгөөний удирдлагын төв" ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа танилцуулав. Түүний танилцуулсан урамшуулал олгох схемийн дагуу иргэн илгээгээд, баталгаажуулсан зөрчил бүрээсээ 10-20 хувийн урамшуулал авах юм байна. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дотор олгох аж.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохыг заажээ.
Явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан, автобусны зогсоол хааж зогссон, түр болон удаан зогсох хориотой газар зогссон зөрчил бүрд 20,000 төгрөгийн торгууль ногдуулах хуультай байна.
Эх сурвалж: НИТХ-ын хэвлэлийн хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!