Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Энэ хууль нь СӨХ гэдэг байгууллагын хууль биш та бидний өмчийг үнэ цэнтэй байлгаж зөв зүйтэй менежмент хийх тухай хууль юм гэдгийг хэлэлцүүлгээр онцлов.
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛ:
Нийтийн зориулалттай орон сууцны байшин, түүний дэвсгэр болон орчны газрыг бүртгэхдээ (1) газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний бүртгэл, (2) Иргэний хуулиар зохицуулагдсан үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлээр тус тус бүртгэдэг бөгөөд одоо хэрэгжиж буй хуульд СӨХ-д дэвсгэр болон орчны газрыг гэрээгээр ашиглах эрх олгож байна.
Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөгч этгээдийн тухайн эд хөрөнгөө уг газар дээр ашиглах эрх дуусгавар болно" гэж заасан.
Нийтийн зориулалттай орон сууц байрлаж буй газрын гэрээний ашиглах хугацаа дууссан тохиолдолд сууц өмчлөгч нь уг эд хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрхээ үргэлжлүүлэх баталгаагүй болно.
Харин энэ хуулиар цаашид оршин суугчид газраа дундаа хамтран өмчилдөг болсноор үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын хугацаа дуусгавар болоход дараа нь дахин эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг оршин суугчид олгоно. Цаашид үр хүүхдэдээ өвлүүлэх, захиран зарцуулах эрх баталгаажиж байгаа юм гэв.
ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ:
1. Асуудал: Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг Иргэний хуульд заасан агуулгын дагуу тодорхойлж чадаагүйгээс иргэдийн, ялангуяа нийтийн зориулалттай орон сууц өмчлөгчдийн өмчлөх эрх болон эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх нөхцөл бодитой бий болоод байна.
2. Асуудал: Дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежмент, эзэмшил, ашиглалтыг үр ашигтай зохион байгуулах боломжгүй болсон байна.
3. Асуудал: Орон сууцны байшингийн орчны газартай холбоотой маргаан сүүлийн жилүүдэд ихэссэн. 2018-2022 онд Нийслэлийн хэмжээнд 9 дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Сууц өмчлөгчдийн холбоотой хамааралтай нийт 5,360 нэхэмжлэл гаргасан байна.
4. Асуудал: СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой төлбөр, хураамжийн асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулаагүй.
5. Асуудал: Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, арчлалтын сантай холбоотой маргаан их гардаг.
6. Асуудал: Орон сууцны байшингийн дундын өмчлөлтэй холбоотой маргаан практикт их гардаг. Бүх гишүүдийн хурлын ирц хүрдэггүй тул бүх гишүүдийн хурал, удирдах зөвлөл шийдвэрлэх асуудлыг гүйцэтгэх захирал шийдвэрлэх зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа түгээмэл гарч байна.
7. Асуудал: Сууц өмчлөгчдийн холбоо нь хуулийн этгээдийн эрхгүй этгээд тул улсын бүртгэлд бүртгэх боломжгүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!