Нийслэлийн удирдлагууд өөрсдийнх нь гаргасан үүрэг даалгавар, тогтоолын төслийн талаар үнэн бодитоор нийтэлсний дараа уг асуудал нь олон нийтийн бухимдлыг төрүүлмэгц худал мэдээлэл хэмээн гүтгэх болов. Мөн илт эвлүүлэг бүхий зураг нийтэлж олон нийтийг төөрөгдүүлсэн учир дараах залруулгуудыг хийж байна.
Улаанбаатар хотын такси үйлчилгээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр сайжруулах тухай тогтоолын төслийн танилцуулгад "Улаанбаатар хотын албан ёсны такси үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан хөдөлгүүртэй/PHEV/ 2,000 автомашиныг таван жилийн хугацаанд авч, нэгдсэн удирдлагын системд холбож үйлчилгээнд явуулна. Эхний жилд 1,000, гурав, тав дахь жилд тус бүр 500 такси авна" гэх агуулга бүхий хэсэг байсан юм. Одоо ч уг тогтоолын төслийн танилцуулга нээлттэй байгаа билээ.
Гэсэн ч Хотын дарга Х.Нямбаатар "Худал мэдээлэл" хэмээн тамгалж, мөн манай мэдээнд "Эдгээрийг авахдаа анхны хөрөнгө оруулалт 77 тэрбум төгрөгийн 74% буюу 57 тэрбумыг хувийн хэвшлээс гаргах бол үлдсэн 26%-ийг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас хүүгүй, зургаан жилийн хугацаанд эргэн төлөхөөр тооцоолжээ" хэмээн тогтоолын төслийн танилцуулгад бичсэний дагуу мэдээлсэн байтал Нийслэлийн төсөвт 77 тэрбум төгрөг тавигдаагүй хэмээж олон нийтийг төөрөгдүүлэв.
2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч "Соёлын төв өргөөний барилгыг нурааж, хоёр блок бүхий 50 давхар барилга барих төслийг боловсруулж, саналыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах" тухай үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайд өгсөн талаар бид мэдээлсэн.
Уг мэдээлэл нь НЗДТГ-ын албан ёсны сайт болох ulaanbaatar.mn сайтад байршсан мэдээлэл юм. Бид энэ талаар уг асуудлыг хариуцаж буй НЗД-ын орлогч Т.Даваадалайгаас тодруулахад "Энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй байна" гэсэн хариуг өгч байв.
Харамсалтай нь энэ асуудал олны чихэнд хүрч эхэлмэгц НЗДТГ сайт дээрээсээ уг 12 дахь хэсгийг устгав. "50 давхар барилга барих төслийг боловсруулах" гэж бичсэн атлаа засвар л хийнэ хэмээн мэдэгдэв. Өчигдөрхөн л энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй байна гэсэн НЗД-ын орлогч Т.Даваадалай засварын ажил хэмээн мэдэгдэл хийж, НЗД Х.Нямбаатар мөн адил ташаа мэдээлэл хэмээн фэйсбүүк пост хийн олон нийтийг төөрөгдүүлэн илт худал ярив.
2026.01.08-ны өдөр Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин нь манай сайтад 2020 онд нийтлэгдэж байсан "Нийслэлийн сурагчдын амралтыг ДОЛОО хоногоор сунгалаа" гэх мэдээг гуйвуулсан, илт эвлүүлэг бүхий постыг оруулж иргэдийг төөрөгдөлд оруулав.
Уг эвлүүлсэн зураг нь анх "Хөгжилтэй залуус" гэх фэйсбүүк группт нийтлэгдсэн бөгөөд нийслэлийн өндөр албан тушаалтан мэдээллээ нягтлахгүй, хошигнолыг ч ойлгохгүй, ийн үнэн мэтээр олон нийтэд түгээж буйд харамсаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!