Уншиж байна ...

"Ноорог"-ийн О.Уламсайханыг бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
Өнөөдөр 10 цаг 37 минут
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Ноорог" медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхантай холбоотой эрүүгийн хэргийг 2025 оны арванхоёрдугаар сарын 26-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирүүлжээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн гэх зүйл ангиар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Одоогоор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тов гараагүй байгаа юм.

Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх:

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Эргэн сануулахад Хууль зүй, дотоод хэргийн сайд асан О.Алтангэрэл 2025 оны гуравдугаар сард уг хэргийн талаар мэдээлэл өгч байв. 

Тэрбээр "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны есдүгээр сарын 6-нд “Гэртээ боомилж нас барсан байдалтай эмэгтэй байна” гэдэг дуудлага ирүүлснийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байгаа" хэмээн мэдээлж байв.