"Ноорог медиа агентлаг"-ын ажилтнуудыг шалгаж буй үндэслэлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэднийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан, бусдыг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй гэх зэрэг үндэслэлээр шалгаж байгаа хэмээгээд буй.
Мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэргийн тухайд, “Ноорог”-т ажилладаг иргэний төгрөгийн дансаар 85,179 удаагийн гүйлгээгээр нийт 9,239,338,177.63 төгрөгийн орлогын, 7,996 удаагийн гүйлгээгээр 9,238,306,287.21 төгрөгийн зарлагын, валютын дансаар 365 удаагийн гүйлгээгээр 9,430.54 ам.долларын орлогын, 149 удаагийн гүйлгээгээр 9,339.61 ам.долларын зарлагын гүйлгээг тус тус хийсэн. Улмаар гэмт хэргийн замаар олсон мөнгийг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, бизнесийн үйл ажиллагаа явуулах, виртуал хөрөнгө болгох зэргээр хувирган мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоон шалгаж байна гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн.
Харин амиа хорлосон гэх гэмт хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны есдүгээр сарын 6-нд “Гэртээ боомилж нас барсан байдалтай эмэгтэй байна” гэдэг дуудлага ирүүлснийг хүлээн авч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс 2024 оны есдүгээр сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хамтран амьдрагчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгаж байгаа.
Гомдол мэдээллийн талаар, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт 2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр “Танайх ажлаа хийдэг юм уу. Ноорог пэйж хуудас худал мэдээлэл оруулах юм. Худал мэдээллээс болж хүмүүс амиа хорлох оролдлого хийлээ ш дээ” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснийг цахимаар хүлээн авч, цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн бүртгэлд оруулах шуурхай шалгах шаардлага үүссэн. Ингээд хойшлуулшгүй мөрдөн ажиллагаа явуулсан. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын байгууллагад мэдэгдэн “Ноорог”-ын оффист хэргийн газрын үзлэг хийсэн.
Үзлэгээр хувь хүний нууцад халдах, хувь хүний нууцыг задруулах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг баримт мэдээлэл илэрч, тухайн мэдээллүүд нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэв.
Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл.Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх
1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!
67 СЭТГЭГДЭЛТЭЙ
|