Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын оны шилдэг 20 тоглогчийг HLTV байгууллагын зүгээс жил бүр уламжлал болгон тодруулдаг билээ.
2025 оны шилдгүүдийг шалгаруулах "HLTV Awards 2025" ёслолын арга хэмжээ 2026 оны нэгдүгээр сарын 10-нд Сербийн Белград хотноо зохион байгуулагдана.
Энэ арга хэмжээ хүртэлх хугацаанд тухайн оны шилдэг 20 тоглогчийг өдөр бүр нэг нэгээр нь танилцуулж, спортын амжилтын талаар дэлгэрэнгүй нийтлэл гаргадаг уламжлалтай. Өнөөдрийн байдлаар шилдэг 20-12 дугаар жагсаалт хүртэлх есөн тоглогчийн нэрийг зарлаад байна.
Тэгвэл энэ долоо хоногийн Пүрэв гараг (2026.01.01) буюу өчигдөр "The MongolZ" баг тоглогч асан М.Азбаяр буюу "Senzu"-г 2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13 дугаарт эрэмбэлэгдлээ.
Senzu буюу М.Азбаяр нь Counter Strike-2 тоглоомын 2025 оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтад багтсан анхны Монгол тоглогч болж буйгаараа онцлог. Гэхдээ "The MongolZ" багийн тамирчид үлдсэн 11 жагсаалтын аль нэгд нь багтаж магадгүй.
Түүний хувьд 2025 онд өндөр зэрэглэлийн дөрвөн томоохон тэмцээнд хамгийн сайн үзүүлэлттэй тоглогчоор шалгарсан байна.
Мөн "The MongolZ" багтайгаа 2025 онд өндөр зэрэглэлийн нэг тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд дэд байрт шалгарч, таван тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлжээ.
Өдгөө 19 настай М.Азбаярын хувьд 2025 оны аравдугаар сараас сэлгээний сандалд суусан бөгөөд аль багт хэзээнээс тоглох талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа юм.
"The MongolZ" баг түүний оронд өдгөө 20 настай cobrazera буюу У.Анарбилэгийг эгнээндээ нэгтгэснээ албан ёсоор зарласан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!