Уншиж байна ...

Итали улс төрийн дууллаасаа “Тийм” гэсэн үгийг хасжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
Өчигдөр 11 цаг 42 минут
iKon.MN
Зураг зураг

Итали улс 80 орчим жилийн дараа төрийн дууллынхаа үгийг засварласан тухай тус улсын засгийн газрын эх сурвалж саяхан мэдээлжээ.

1946 онд батлагдсан одоогийн шүлэгт “Хөл дээрээ бат зогс. Бид үхэхэд бэлэн. Итали таныг дуудаж байна!” гэсэн дайнч утгатай  мөр байдаг бөгөөд түүний араас залгадаг “Si!” (Тийм) гэсэн үгийг хассан юм байна.

Ингэж өөрчлөх ерөнхийлөгчийн зарлиг тавдугаар сард засгийн газрын сонинд нийтлэгдэж байсан нь одоо л анхаарлын төвд орж байгаа ажээ.

Дээр дурдсан мөр 19 дүгээр зууны яруу найрагч, хувьсгалч Гоффредо Мамелигийн бичсэн анхны хувилбарт байгаагүй, сүүлд нэмэгдсэн юм байна.

“Энэ бол улс төрийн учир шалтгаангүй. Төрийн дууллын цэвэр ариун байдлыг хангах зорилготой. Бид анхны хувилбарт сүүлд нэмэгдсэн хэсгийг хассан” гэж Мягмар гарагт засгийн газрын эх сурвалж хэвлэлд ярихдаа тайлбарлажээ.

Ер нь дэлхийн хэд хэдэн улс орон орчин үеийн үнэт зүйлд нийцүүлсэн төрийн дууллынхаа үгийг өөрчилж байсан түүхтэй.

Тухайлбал Герман улс одоо төрийн дууллынхаа зөвхөн гурав дугаар бадгийг албан ёсны арга хэмжээнд дуулдаг. Эхний хоёр бадаг нь Нацист үзэл суртал, эр хүйстнийг хэт дөвийлгөсөн утгатай гэсэн үндэслэлээр хасагдсан юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард АНУ-ын Бүгд Найрамдахчуудын арга хэмжээнд оролцохдоо Германы хэт барууны AfD намын гишүүд гурван бадгийг бүтнээр нь дуулснаас маргаан дэгдэж байжээ.

Франц улс бас төрийн дууллынхаа 18 дугаар зууны хувьсгалын үеийн хүчирхийлэл илэрхийлсэн хэсгийг хасаж, зөвхөн эхний бадгийг дуулдаг юм.

Их Британи улс дайснаа дарахын тулд бурхнаас дэмжлэг хүссэн утгатай хоёрдугаар бадгийг албан ёсны арга хэмжээнд төрийн дууллаасаа алгасах болжээ.

Японд бас империалист утга агуулга шингэсэн төрийн дууллын хэсэгтэй холбоотой маргаан одоо ч хүмүүсийн дунд өрнөдөг.

Австрали улс 2021 онд төрийн дууллынхаа үгийг өөрчилж, “бид залуу, эрх чөлөөтэй” гэсэн хэсгийг “бид нэгдмэл, эрх чөлөөтэй” болгон өөрчилж байжээ.

Залуу үндэстэн гэсэн санаа нь зөвхөн Британийн колоничлолоос хойших түүхийг илэрхийлсэн, харин уугуул иргэдийн 50,000-60,000 жилийн түүхийг тусгаагүй гэсэн үндэслэлээр ингэж өөрчилсөн байна.

 

Эх сурвалж: Reuters