Энэ сарын эхээр Монгол Улсын Элчин Сайдын Яамны ажилтан согтуугаар замын хөдөлгөөнд оролцоод гурван автомашин мөргөлдсөн осол гаргасныг Сөүл хотын цагдаагийн газар өчигдөр мэдээлжээ.
Тодруулбал арванхоёрдугаар сарын 12-ны өдөр “А” гэгч Синса өртөөний ойролцоо уг ослыг гаргасан талаар Ганнам дүүргийн цагдаагийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Осол гаргагч ганцаараа зорчиж байсан бөгөөд дипломат халдашгүй эрхийн улмаас саатуулалгүй гэрт нь буцаажээ.
Зориулалтын төхөөрөмжөөр шалгахад “A” жолооны эрхийг нь хураах хэмжээний согтолттой байсныг цагдаа мэдээлсэн байна.
Түүний автомашинд мөргүүлсэн хоёр автомашины жолооч нар хөнгөн бэртсэн бөгөөд өөр зорчигч яваагүй гэнэ.
Ойрын үед “A”-ыг дуудаж байцаах төлөвлөгөөтэй байгаагаа цагдаагийн төлөөлөгч мэдээлжээ.
Мөн эрх баригчид Монгол Улсын Элчин Сайдын Яамнаас тухайн этгээд дипломат халдашгүй статустай эсэхийг албан ёсоор лавлаад хариу хүлээж байгаа юм байна.
Элчин сайдын яамны хариултаас хамааран хэргийг прокурорт шилжүүлэх эсэхийг шийдэх ажээ. Харин дипломат халдашгүй эрхтэй бол БНСУ-ын хуулиар хэргийг хаах юм байна.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!