"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын 2025 оны онцлох ажлуудыг тус үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон "Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб"-ийн гишүүдэд өнөөдөр танилцууллаа.
"Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон "Энэ жил 47.1 сая тонн хүдэр олборлож, 39.9 сая тонн хүдэр боловсруулсан. Энэ бол 47 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт. 2022 онтой харьцуулахад хүдэр олборлолт ба боловсруулалтын хүчин чадал 20-30 хувь нэмэгдсэн.
Борлуулалтын орлого 4.6 их наяд төгрөг болсон нь мөн хамгийн өндөр үзүүлэлт боллоо.
Энэ жилийн хамгийн чухал ажил бол Оюут ордын хайгуулыг дуусгаж, ашиглалтад бэлдэж эхэлсэн явдал. Эрдэнэт бол хот дагуулсан уурхай. Нөөц зогсвол уурхай зогсоно. Уурхай зогсвол олон хүн ажилгүй болно. Монголын түүхэнд Налайх, Бэрх зэрэг долоон уурхай хаагдсан байдаг. Нөөц байснаар л уурхай ажиллах учир Оюут ордын нарийвчилсан хайгуулыг дуусгасан нь бидний хувьд их онцлог байлаа.
Мөн Эрдэнэт үйлдвэр одоо ашиглаж буй ордоо төвийн болон баруун хойд ордынхоо нөөцийг тооцоолж, гүний өрөмдлөгийг хийснээр илүү гүнд ашиглах боломжийг бий болгон 55 жил ашиглах нөөцөө Жорж стандартаар баталгаажуулсан. Ийнхүү 55 жил ажиллах уурхай, нэмээд Оюут ордыг ашигласнаар илүү урт хугацаанд үйл ажиллагаа явуулах тул техник, тоног төхөөрөмжүүдээ шинэчилж байна" гэв.
Түүнчлэн "Эрдэнэт Үйлдвэр"-ийн худалдан авах ажиллагааг хиймэл оюунаар гүйцэтгүүлэх системийг бүрэн нэвтрүүлжээ. Тус үйлдвэр жилд 1,360 гаруй тендер зохион байгуулж, давхардсан тоогоор 4,500 гаруй компани оролцдог байна. Худалдан авах ажиллагаатай холбоотой хүндрэл, ашиг сонирхлын зөрчил гэхчлэн асуудал нэлээд гардаг.
Иймд худалдан авах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдааг бууруулах, авлига ашиг сонирхлоос ангид байх зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан тендерийн үнэлгээний системийг нэвтрүүлэх судалгааны ажлыг 2022 оны наймдугаар сараас эхлүүлж, 2024 онд туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол 2025 оны долдугаар сарын 7-ны өдрөөс үйл ажиллагаандаа бүрэн ашиглаж байгаа юм.
Энэхүү TenderEval систем нь үйлдвэрийн газрын ERP системтэй уялдан ажилладаг бөгөөд худалдан авах үйл ажиллагааны бүх процесс цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгааг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон онцлов.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!