Шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам (АҮЭБЯ)-наас өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Энэ үеэр "банкандаа бензинтэй он гаргана" гэдгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин хэлж, бензиний нийлүүлэлтийн талаар дараах мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн долоо хоногт ОХУ-ын нефть импортлогч болон түгээлтийн компаниудтай нэлээд шахуу хөтөлбөртэй ажиллаж байна.
ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу Оросын талын хэсгийн ахлагч А.А.Козлов сайдад өөрдсийн нөхцөл байдлаа хэлж, учирлаж ойлгуулсан.
Үүний хүчинд нефтийн бүтээгдэхүүн тэр дундаа АИ-92 бензинийг нэлээд сайн нийлүүлж байна. Гэвч оочер төдийлөн буухгүй байсан. Иймд шуурхай арга хэмжээ авч нефть импортлогч нартайгаа зарчмын хатуу байр суурьтай ажилласны дүнд өнөөдрөөс эхлэн Шатахуун Түгээх Станц (ШТС)-уудад оочер дараалал багасаж байна.
Сарын сүүлээр шатахууны нийлүүлэлт сайжирсан. Тэр ч утгаараа манай ард түмэн машиныхаа банканд бензинтэй оноо гаргана" гэлээ.
Үргэлжлүүлэн "Манай яамныхан өчигдөр шөнө 11:00-03:00 цаг хүртэл ШТС-ууд болон агуулах дээр очиж ажиллалаа. Сүүлийн гурван өдөр дараалан мониторинг хийж ажилласан.
250 гаруй ШТС-д нэгэн зэрэг нийлүүлэлт хийж, нөөц бүрдвэл харьцангуй гайгүй болох хандлагатай байгаа. Өчигдөр 181 ШТС-д нефтийн бүтээгдэхүүн буюу АИ-92, АИ-95 бензиний түгээлтийг хийлээ. Үүний үр дүнд өнөөдрөөс оочер дараалал харьцангуй гайгүй болох байх гэж бодож байна.
Ард иргэд минь уужирч, шинэ оноо нефтийн бүтээгдэхүүний хомсдолгүй давах болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!