2025 оны Зул сарын баярын нэгэн онцлог “Jingle Bells” дууны Монгол хувилбар болоод байна.
Турк гаралтай Нидерландын хөгжмийн найруулагч Уммет Озкан орчин үеийн техно хэмнэлийг монгол хөөмийн аялгуутай хослуулан “Mongolian Jingle Bells”-ийг бүтээжээ.
Озкан эхлээд уг бүтээлийнхээ товч хэсгийг Инстаграм хуудсандаа нийтэлсэн нь хүмүүсийн сонирхлыг маш их татаж, бүтэн хувилбарыг нь нийтлэх хүсэлтүүд олноор ирсэн юм байна.
Ингээд өнгөрсөн Ням гарагт тэр бүтээлийнхээ бүтэн видео хувилбарыг YouTube платформд нийтэлсэн нь одоогоор нэг сая давсан хандалттай болоод байгаа юм.
Мөн сонсох хувилбарыг нь өөрийн гурван сая дагагчтай Spotify сувагт нийтэлжээ.
“Эхлээд хөгжилтэй санаа байсан бол одоо та бүхний галзуу олон хүсэлтийн ачаар бүрэн хэмжээний дуу, видео боллоо. Энэ бүтээл Зул сарын баярын өмнөх өдрүүдэд халуун дулаан сэтгэл, баяр хөөр авчирна гэдэгт найдаж байна” гэж Озкан тайлбарласан байна.
Видео хувилбарт цасанд хучигдсан хөдөө нутагт хэсэг монгол эрчүүд дуулж, бүжиглэж байгаа болон цаа буга хөлөглөсөн чаргаар давхиж байгааг харуулдаг.
Энэ видео нь бодит бичлэгийг хиймэл оюуны дүрслэлтэй хослуулсан бүтээл болохыг Озкан тайлбарлажээ.
Эх сурвалж: Boredpanda
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!