Ашигт Малтмалын Нөөц Ашигласны Төлбөр(АМНАТ)-ийн тухай хуульд өөрчлөлт оруулах эсэх асуудал яригдаж буй энэ үед "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонгоос байр суурийг нь тодрууллаа.
Тэрбээр "Эрдэнэт үйлдвэр нь улс, орон нутагт төвлөрүүлж буй татвар хураамж чиглэлд уян хатан байх боломжтой. АМНАТ-ийг Эрдэнэт үйлдвэрт тусад нь авч үзэлгүйгээр ижилхэн бууруулж боломжтой. Эрдэнэт үйлдвэр АМНАТ-т 20 хувь төлдөг гэдэг ч үнэн хэрэгтээ 21.6 хувийг төлдөг.
Жишээлбэл Никель, лити дээр Хятад улс дангаараа интервенц хийж, үнийг нь бууруулаад гадаадын өрсөлдөгч нараа унагааж байсан. Ингэхэд Австрали улс никелийн аж ахуйн нэгжүүдээ унагахгүйн тулд никель дээрээ АМНАТ-өө байхгүй болгож байсан. Энэ бол ухаалаг бодлогын үр дүн.
Хэрэв Эрдэнэт үйлдвэрээс жилд дунджаар 1.8 их наяд төгрөг авдаг хэвээрээ байя гэвэл АМНАТ-өө бууруулаад, Засгийн газрын тогтоолоор ногдол ашиг хэлбэрээр авах боломжтой. Харин хууль дээрээ АМНАТ-өө бууруулах хэрэгтэй. Ингэвэл зэсийн бусад компани чадавхжих, шинэ компаниуд хайгуулын чиглэлээр орж ирэх боломж нээгдэнэ. Дараагийн Оюутолгой, Эрдэнэтийг нээх боломжийг АМНАТ хаагаад байгаа.
Эрдэнэт үйлдвэрийн АМНАТ-ийн зөрүү хэсэгт Хармагтай, Цагаан суварга ороод ирэх боломжтой. Цаашид энэ чиглэлийн яриа хэлэлцээ үргэлжилнэ байх" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!