Умард Солонгосын дэглэм өнөөдөр өглөө өөрийн зохион бүтээж буй гэх цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлгийн гэрэл зургийг анх удаагаа нийтэд үзүүлжээ.
Төрийн хэвлэлд нийтлэгдсэн энэ зурагт үйлдвэр дотор байрлуулсан аварга хөлөгтэй удирдагч Ким Жон Ун танилцаж байгааг харуулснаас үзвэл ашиглалтад орох хараахан болоогүй байгаа бололтой.
Цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг бол Ким Жон Уны олон жилийн мөрөөдөл юм. 2021 онд эрх баригч намын хурлын үеэр анх ийм хөлөг бүтээх зорилтыг зарлаж байжээ.
Саяхан Өмнөд Солонгос улс АНУ-ын ерөнхийлөгч Трампын засаг захиргаанаас өөрийн ийм шумбагч хөлгийг бие даан бүтээх зөвшөөрөл авсан нь Ким Жон Уныг яарахад хүргээд байна.
Цөмийн хөдөлгүүрт шумбагч хөлөг олон давуу талтай.
Ийм хөлөг уснаас ил гаралгүйгээр олон жилийн турш шумбах чадвартай. Харин уламжлалт хөлгүүд дизель хөдөлгүүрээ ажиллуулахын тулд уснаас ил гарах шаардлагатай болдог.
Бас цөмийн хөдөлгүүртэй хөлөг илүү хурдтай, дуу чимээ маш бага гаргадаг.
Одоогоор зөвхөн АНУ, ОХУ, Хятад, Франц, Их Британи, Энэтхэг улсууд ийм технологийг эзэмшсэн байдаг.
Шумбагч хөлөг бүтээх ажилтай танилцахдаа Ким Жон Ун саяхан Өмнөд Солонгос өөрийн хөлгийг бүтээх шийдвэр гаргасныг Солонгосын хойгийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гээд зайлшгүй хариу арга хэмжээ авах шаардлагатайг онцолсон тухай Умард Солонгосын төв хэвлэл мэдээлжээ.
Өмнөд Солонгосын эрх баригчид цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөгтэй болохыг олон жилийн өмнөөс сонирхож байсан ч АНУ-тай байгуулсан цөмийн гэрээ нь үүнийг зөвшөөрдөггүй байсан юм.
Харин аравдугаар сард Сөүлд айлчилсан ерөнхийлөгч Дональд Трамп гэрээний нөхцөлийг өөрчилснөөр саадыг арилгаад байна.
Эх сурвалж: CNN
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!