БНХАУ болон Монгол Улс хамтран 2025 оны 12 дугаар сарын 9–15-ны өдрүүдэд БНХАУ-ын Чунцин хотод олон улсын мотокроссын тэмцээнийг анх удаа амжилттай зохион байгууллаа. Энэхүү уралдаан нь сүүлийн жилүүдэд хоёр улсын спортын хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаагийн бодит илэрхийлэл боллоо.
Чунцин хотод болсон Хятад–Монголын хамтарсан тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Казахстан, Киргизстан, Туркменистан зэрэг нийт 7 орны баг тамирчид оролцож, гурван төрлийн ангиллаар хурд, ур чадвараа сорив. Монгол Улсаа төлөөлөн Б.Жигмэддорж ахлагчтай баг амжилттай оролцож, багийн дүнгээр 4-р байрт шалгарлаа.
Манай багаас Б.Мэндбилэг, Ө.Сандагдорж, С.Ариундаваа, Б.Тэмүүжин, З.Жанчивдорж, Г.Мянганбаяр нар уралдаанд хүч үзсэн бөгөөд багийн менежерээр Т.Баярмагнай, Б.Ангараг нар ажиллав. Багийн бүрэлдэхүүн нийтдээ 20 гаруй хүний оролцоотой байв.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсаас БНХАУ-тай хамтран мотоспортын олон улсын уралдаан зохион байгуулсан анхны тохиолдол бөгөөд ирээдүйд хамтын ажиллагаа илүү өргөжиж, улам олон хамтарсан арга хэмжээ зохион байгуулагдах эхлэл боллоо.
Улаанбаатар хотод жил бүр зохион байгуулагддаг POWER EXPO & FESTIVAL олон улсын наадмыг зорин ирэх Хятадын тамирчид, үзэгчид, зочдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь энэ хамтын ажиллагааны хөгжил, итгэлийн баталгаа юм. Ийнхүү хоёр улсын итгэлцэл спортоор дамжин бодит үр дүнд хүрч, хамтарсан тэмцээн зохион байгуулах түвшинд хүрлээ.
Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон бүх баг тамирчид, хамтын ажиллагааны эхлэлийг амжилттай тавьсан байгууллагууд, зохион байгуулагчдадаа талархал илэрхийлье. Бид спортын нөхөрлөлийг улам бэхжүүлж, олон улсын түвшинд шинэ амжилтуудыг бүтээх болно.
ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!