Уншиж байна ...

"Утаатай байгаа учраас манай зарим төлөөлөгч гадаадад байгаа бол зарим Засаг дарга төсвөө батлуулсан гээд зугаалж яваа"

Д.Янжиндулам, ikon.mn
32 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НИТХ-ын есдүгээр ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Улаанбаатар хотыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн эхний хэлэлцүүлгийг зохион байгуулж, хоёрдугаар хэлэлцүүлэгт шилжүүллээ. Ингэснээр энэ долоо хоногийн Баасан гарагт төлөөлөгчид дахин хуралдаж, хэлэлцэхээр болов.

Улаанбаатар хотыг ирэх таван жилд хөгжүүлэх төлөвлөгөөний эхний хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид санал хэлсэн юм.

Төлөөлөгч Ж.Батбаясгалан: Оны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг хүндэрч, биднийг энд хуралдаж суухад ААН-үүд гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар төлөөлөгч нарт хэлж байна.

Өмнөх таван жилийн үр дүн, алдаа, оноог хэлэлцэж, дуусгаагүй ажлуудыг эрэмбэлж байж ирэх таван жилийн төлөвлөгөөг батлах хэрэгтэй. Ирэх таван жилд нийслэл хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд эдийн засаг, нийгмийн байдалтай уялдуулж ямар асуудлын үр дүнг эхний улиралд багтаан үр дүнг тооцохыг тодорхой болгох ажлын хэсгийг байгуулах саналтай байна гэснээр ажлын хэсэг байгуулахаар болов.

Төлөөлөгч Б.Золтуяа: Нийслэл хотыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд нийтийн тээвэр, ногоон дэд бүтцийг оруулсан нь сайн хэрэг. Гэхдээ таван жилийн хугацаанд 39.1 их наяд төгрөгийн төлөвлөлт нь хэт том төсөв. Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй. 2030 онд Монгол Улс 4 сая орчим иргэнтэй болно гэж тооцоолбол таван жилийн хугацаанд 87 сургууль барих нь гурван ээлжээр хичээллэдэг байдлыг өөрчлөхгүй. Ажлын хэсэг уг асуудалд улс төрийн болон удирдлагын хариуцлага хүлээх хүн хэн байхыг тодорхой болгох ёстой.

Төлөөлөгч Д.Наянбаяр: Нийслэл хотыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тогтвортой, томоохон төсвийг тавихгүй бол эдгээр салбарыг хөгжүүлэхэд хэцүү

Төлөөлөгч Б.Сэмжидмаа: Нийслэл хотод амьдарч байгаа хүн амын 60 орчим хувь нь залуучууд. Ирэх таван жилийн төлөвлөгөөнд залуучуудын амьдрах, хөгжихөд чиглэсэн хөтөлбөрийг оруулмаар байна. Жишээлбэл 18-35 насны анх орон сууц авах гэж буй залууст ямар боломж олгох талаар нарийвчлан тусгах талаар залуусын төлөөллийг ажлын хэсэгт оруулахыг хүсэж байна.

Залууст зориулсан бусад хөтөлбөрийг тодорхой болгоорой гэлээ.

Харин НИТХ-ын төлөөлөгчдийн ирц болон таван жилийн төлөвлөгөөний хөрөнгө оруулалтын тухайд О.Зундуйдорж: Улаанбаатар хотыг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөгөөр мөрөөдлийн хот болох нь. Өмнөх 10 жилийн хугацаанд гаргасан төлөвлөгөө байхгүй. Бодит амьдрал дээр зуны улиралд халуун ус тасардаг, бороо орохоор усандаа живчихдэг, өвөлдөө утаатай, түгжрэлтэй, ядууралтай, 21 дүгээр зуунд усаа зөөж амьдарч байна. Алтан шаахай өмссөн ч алхах зам нь адилхан гэгчээр мөрөөдлийн жагсаалтууд оруулж ирэх юм. Улаанбаатар хотод олон мега төсөл хэрэгжүүлнэ л гэх юм, хэдэн хувийн хэрэгжилттэй, мөнгө санхүү нь байгаа юу. Улс дампуурсан байна. УИХ-ын гишүүд, сайд нар нь бензинээ олж ирж чадахааргүй төртэй болчихсон.

Яг хотоо хөгжүүлэхийг төлөвлөе гэвэл өмнөх жилүүдийн үр дүн, алдаа, оноог хэлэлцэж, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэндийн салбарын оргүй байдал, ханиад томууны нөхцөл байдлыг зэрэг олон асуудлыг харгалзах ёстой.

Таван жилийн хугацаанд мега төсөл болон холбогдох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд 200 их наяд төгрөг зарцуулна. Их наяд төгрөг, НИТХ гэж мэдэхгүй иргэд ч бий. Анхан шатны буюу хороо, өрхүүдэд хэрхэн ажиллах зааг холбоо байдаггүй. Нэг сонгуулиар дарга нь унахаар дараагийн дарга нь дахиад өөр хөгжлийн төлөвлөгөөг баталдаг. Ингэж ажилламааргүй байгаа юм.

Зарим УИХ-ын гишүүнд бас мэдээлэл өгмөөр байна. Жишээлбэл орон сууц, нийтийн аж ахуйн удирдлагын газар хүнд байдалд байна. Жилд халуун усны 17 километр шугам, хоолойг засаж чадахгүй байгаа. Салбарын сайд, агентлагийн дарга нар энэ асуудлыг мэдэх ч үгүй, ойлгох ч үгүй, амьдралаас тасарчихсан. Бодлого яриад байдаг хөрсөн дээр буудаггүй.

2026 онд нийслэлийн харьяа 84 байгууллагад хяналт шалгалтын ажиллагаа явуулж бүтцүүдийн тоон мэдээллийг авна. Ажилдаа очдоггүй хэрнээ цалин авдаг, олон тендер хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа мөртлөө аудитын дүгнэлт байдаггүй, НИТХ-ын төлөөлөгч нарыг нохойн чинээ тоодоггүй. Өөрийнхөө дарга нарын амласан ажлын төлөө зүтгэдэг. Төсөв, албан тушаалын асуудал хэлэлцэхээр НИТХ-ын ирц бүрдэж танхим дүүрдэг, бусад үед төрийн ажил явж байхад цөөн. 

НИТХ-ын хурлыг ирэх жил олон нийтийн анхаарлын төвд оруулна. Чимээ аниргүй, хуралдаа амьдралдаа харагдаж үзэгдээгүй төлөөлөгч нарыг амь оруулж, ажлыг нь хийлгэнэ.

Утаатай байгаа учраас манай зарим төлөөлөгч үр хүүхдүүдээ дагуулаад гадаадад амарч байгаа бол зарим Засаг дарга төсвөө батлуулсан гээд зугаалж яваа. Ийм л хандлагаар ажиллаж байна хэмээв.