Уншиж байна ...

“УБТЗ” ХНН-ийн төлөөлөгчид UIC-ийн Ерөнхий ассамблейд оролцож байна

ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Олон улсын Төмөр замуудын Холбоо буюу UIC-ийн 107 дахь удаагийн Ерөнхий ассамблей энэ сарын 9-12-ны өдрүүдэд БНПУ-ын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн Ерөнхий Ассамблейд Олон улсын Төмөр замуудын Холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ийн дарга ноён Алан Бероугийн урилгаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

107 дахь удаагийн Ерөнхий ассамблейн хүрээнд тус холбооны дарга бөгөөд Польшийн төмөр замын ТУЗ-ийн дарга Алан Бероугийн сонгуульт хугацаа дуусгавар болж, дэлхий даяар 200 гаруй гишүүнтэй төмөр замын хамгийн том олон улсын байгууллагыг 2026-2027 онд Зүүн Японы төмөр замын дарга Юужи Фукусава удирдахаар гишүүн төмөр замуудын олонхын саналаар шийдвэрлэлээ. Мөн тус холбооны дэд даргаар Италийн төмөр замын гүйцэтгэх захирал Стефанно Доннарумма ажиллахаар болов.

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хувьд 2011 онд дэлхийн 200 гаруй орон  гишүүнээр нь элссэн Олон улсын Төмөр замуудын Холбоо /UIC/-нд гишүүнээр элсэн орж өдгөө Ази-Номхон далайн бүс нутгийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн 5 төмөр замын нэгээр ажиллаж байгаа юм.

107 дахь удаагийн Ерөнхий ассамблейн үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн БНПУ-ын Төмөр замын төв компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээлгэн өгч буй ноён Алан Бероу, шинээр UIC-ийн даргын сонгуульт ажлыг хүлээн авсан Зүүн Японы төмөр замын дарга ноён Юужи Фукусава, UIC-ийн Ерөнхий захирал ноён Франсуа Давинн, БНСУ-ын Корейл корпорацийн дэд захирал ноён Ким Гүн Су тэргүүтэй төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, нийгэмлэгийн ажилтнуудыг өндөр хөгжилтэй төмөр замуудад мэргэжил дээшлүүлэх боломж нөхцөлөөр хангах асуудлаар санал солилцлоо.

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.