Уншиж байна ...

Японд согтуудаа дугуй унасан 900 орчим хүний жолооны эрхийг цуцалжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллага согтуу үедээ дугуй унаж замын хөдөлгөөнд оролцсон 900 орчим хүний жолооны эрхийг цуцалсан тухай Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дугуй унаж замын хөдөлгөөнд оролцвол гурван жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл 500,000 иений ($3,200) торгууль оноох шинэ журам хэрэгжиж эхэлсэн юм.

Эрх баригчид согтуу дугуй унах нь согтуу автомашин жолоодохоос ялгаагүй аюултай гэж үзсэн тул ийм журам гаргажээ.

Шинэ журамд бас дугуйгаар зорчигчдын зөвшөөрөгдөх согтолтын хэмжээний босгыг бууруулсан юм. Тухайлбал шалгалтаар литр тутамд 0.15 миллиграмм буюу түүнээс дээш хэмжээний спирт илэрвэл торгохоор заажээ.

Үүнээс өмнө зөвхөн дугуйгаа унаж чадахгүй болтлоо согтсон хүмүүсийг торгодог байсан юм.

Шинэ журмаар согтуу дугуйчдыг шийтгээд зогсохгүй тэдэнд архи өгсөн, согтууг нь мэдсээр байж дугуй өгсөн хүмүүсийг хүртэл шийтгэдэг болжээ.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2024 оны арваннэгдүгээр сараас энэ оны зургаадугаар сарын хооронд Япон даяар 4,500 гаруй хүн согтуу дугуй унаж яваад саатуулагдсан байна.

Шинэ журам гарахын өмнө 2023 онд Япон даяар 72,000 гаруй дугуйн осол бүртгэгдсэн нь нийт зам тээврийн ослын 20 гаруй хувийг бүрдүүлж байжээ.

Японд эртнээс архи, согтууруулах ундааг нийгмийн харилцааг зөөлрүүлэгч “тосолгооны материал” гэж үздэг байсан тул одоо ч бизнесийн яриа хэлэлцээ, хүнд хэцүү асуудлыг шар айраг, сакэны лонх задалж шийдэх явдал түгээмэл байдаг.

Дугуйтай холбоотой замын хөдөлгөөний зөрчилд оноох шийтгэл цаашдаа улам чангарах төлөвтэй байна.

Ирэх оны дөрөвдүгээр сараас дугуй унахдаа шүхэр барих, гар утас ашиглах, гэрлэн дохио зөрчих, шөнийн цагаар гэрэлгүй явах зэрэг жижиг зөрчлүүдэд торгууль оноох шинэ журам хэрэгжиж эхлэхээр болжээ.

 

Эх сурвалж: BBC