Уншиж байна ...

АНУ-ын засаг захиргаа Орос руу дүрвэхийг нь зөвшөөрсний дараа Мадуро утсаар Путинтэй ярьжээ

Т.Давааням, ikon.mn
16 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро өөрийн холбоотон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьжээ. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын засаг захиргаа түүнд эх орноосоо ОХУ руу дүрвэхийг зөвшөөрсөн тухай мэдээ тараад байгаа.

Энэ үеэр Путин “Венесуэлийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, гаднын дарамт шахалттай тулгараад буй энэ үед үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолоо хамгаалах Мадурогийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжихээ дахин нотолсон” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Карибын тэнгисийн бүс нутагт цэрэг зэвсгийн хүчээ төвлөрүүлсэн АНУ-ын засаг захиргаа Мадурог хар тамхины наймааг дэмждэг хэмээн буруутгаж, засгийн эрхээ шилжүүлж өгөхийг шаардаж байгаа.

Путин, Мадуро нарыг утсаар ярихаас хэдхэн цагийн өмнө Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко тус улсад суугаа Венесуэлийн элчин сайд Хесус Рафаэл Салазар Веласкестай уулзсаныг Минскийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ уулзалтын үеэр юу яригдсан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Энэ сарын эхээр АНУ-ын сенатор Марквейн Маллин хэвлэлд ярихдаа Трампын засаг захиргаа Мадурод сайн дураар эх орноосоо гарч явах санал тавьсныг мэдээлж байв.

“Бид Мадурод боломж олгосон. Бид түүнийг Орос руу, эсвэл өөр улс руу явуулах боломжтойг хэлсэн” гэж тэр ярьжээ.

Үүнээс өмнө Politico сайт бас АНУ-ын тал Мадурод эрх мэдлээсээ татгалзаж, Орос, Турк, Куба улсуудын аль нэг рүү дүрвэх боломж олгох санал тавьсан талаар мэдээлж байв.

АНУ-тай харилцаа муудахаас өмнө Орос, Венесуэл улсууд стратегийн түншлэлийн гэрээ байгуулж байсан юм.

 

Эх сурвалж: The Moscow Times