Уншиж байна ...

“Крипто хаан” До Квон хөрөнгө оруулагчдыг залилж, олон тэрбумын алдагдалд оруулсан хэргээр 15 жилийн хорих ял сонсов

С.Мөнхцэцэг, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үе криптовалютын магнат гэгдэж байсан Өмнөд Солонгосын бизнесмэн До Квон хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлж, нийт $40 тэрбумын алдагдалд оруулсан хэргээр өчигдөр АНУ-ын шүүхээс 15 жил шоронд хоригдох ял сонсжээ.

Стэнфордын Их сургуулийн төгсөгч, “Крипто хаан” хэмээн алдаршиж байсан 34 настай Квон дээд тал нь 25 жилийн ял сонсох боломжтой байсан бол Манхэттэний холбооны шүүх түүнд ийнхүү харьцангуй богино хугацаатай хорих ял оноосон байна.

“Таны үйлдсэн гэмт хэргийн улмаас хүмүүст $40 тэрбумын бодит мөнгөн алдагдал учирсан юм” гэж шүүгч Энгелмайер мэдэгджээ.

Энэ нь FTX арилжааны төвийн үүсгэн байгуулагч Сэм Банкман-Фрид, OneCoin-ий үүсгэн байгуулагч Карл Себастен Гринвуд нарын учруулсан алдагдлын хэмжээг нийлүүлснээс ч давж байгааг шүүгч онцолсон байна.

Харьцангуй цөөн хүн гомдол гаргасан ч нийт хохирогчдын тоо нэг сая орчим байж магадгүйг Энгелмайер бас мэдэгджээ.

Квон нь 2018 онд Сингапурт бүртгэлтэй Terraform Labs компанийг үүсгэн байгуулалцаж байсан юм.

Тус компани TerraUSD нэртэй “стэйблкоин”-ыг зах зээлд гаргаж, ам. долларын ханштай уясан тул үнийн хэлбэлзлээс хамгаалагдсан найдвартай крипто валют хэмээн сурталчилж байжээ.

Гэвч уг валютын бодит ханш $1-оос хамаагүй бага хэмжээнд хүртэл унасны улмаас хөрөнгө оруулагчдад олон тэрбумын алдагдал учруулсан байна.

Энэ уналт зөвхөн TerraUSD валютыг хамраад зогсохгүй түүнтэй холбоотой Luna валютын ханшид нөлөөлснөөр “нийт крипто зах зээлийг хамарсан нуралтын цуврал” үүсгэснийг прокурорууд дүгнэжээ.

Квон энэ уналтын дараа Балканы орнууд руу оргон зайлж байв.

Тэрбээр 2023 оны гуравдугаар сарын 23-нд хуурамч паспорттой зорчсон шалтгаанаар Монтенегро улсад баривчлагдсан юм.

Тэнд 17 сар хоригдсоны дараа Квоныг АНУ-д шилжүүлжээ.

Квон ялаа өөрийн эх орон Өмнөд Солонгост эдлэх хүсэлт гаргасныг АНУ-ын шүүх зөвшөөрөөгүй байна.

Түүний эхнэр, дөрвөн настай охин хоёр одоо Өмнөд Солонгост амьдардаг юм.

“Би сүүлийн хэдэн жил сэрүүн байх бараг бүх цаг хугацаагаа юуг өөрөөр хийж болох байсан, одоо юу хийж чадах талаар бодож өнгөрөөсөн. Хохирогчдын мэдүүлгийг сонсоод би ямар их гарз хохирол учруулснаа ойлгож байна” гэж Квон шүүх хурлын үеэр хэлжээ.

Түүний хохирогчдын нэг алдагдлын улмаас амьдрал нь хэрхэн сүйрснийг ярьсан бол бас нэг хохирогч амиа хорлох талаар бодож байснаа мэдүүлсэн юм.

Тухайлбал хохирогч Станислав Трофимчук гэр бүлийнх нь оруулсан хөрөнгийн хэмжээ хоёр долоо хоногийн дотор $190,000-аас $13,000 болж унасныг “бидний 17 жилийн амьдрал сүйрсэн хэрэг байлаа” гэж мэдүүлжээ.

Квоны хэргийг шалгасан прокурорууд нийт 300 гаруй хохирогчоос захидал хүлээж авсан юм байна.

Прокурор Сара Мортазави “системийн алдаагаа нуун дарагдуулсны зэрэгцээ хий хоосон хүлээлт бий болгосон” гэж Квоныг буруутгажээ.

“Энэ бол бардам зангаар үйлдсэн залилан мэхлэлт, хүмүүсийн хувь заяаг үл тоомсорлосон луйвар байсан” гэж тэр шүүхэд тайлбарласан юм.

 

Эх сурвалж: Associated Press