Украин улс Донецкоос цэргээ татвал одоо хяналтад нь байгаа газар нутагт “эдийн засгийн тусгай бүс” байгуулах саналыг АНУ-ын тал тавьсныг ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Газар нутаг болон Запорожье дахь цөмийн цахилгаан станцын хяналт нь Украины дайныг зогсоох энхийн гэрээний шийдэгдээгүй хоёр асуудал болоод буйг тэр бас мэдэгдсэн байна.
Үүнээс гадна Украины эрх баригчид энхийн төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар болон дайны дараах аюулгүй байдлын баталгаа, сэргээн босголтын асуудлыг хөндсөн нэмэлт бичиг баримтыг АНУ-ын засаг захиргаанд илгээгээд байгааг Зеленский хэлжээ.
“Сүүлчийн шат хамгийн хэцүү нь. Бүх зүйлийг нурааж магадгүй олон шалтгаан байна” гэж тэр хэлсэн юм.
Оросын тал Украиныг өөрийн хяналтад байгаа Донецк мужийн нутаг дэвсгэрийн 30 хувиас татгалзахыг шаардаж байгаа.
Гэвч ингэвэл өгсөн газар нутгийг нь Оросын тал ирээдүйн түрэмгийлэлдээ ашиглах эрсдэлтэй гэж Украины тал үзэж байгаа тул зөвшөөрөхгүй байна.
Зеленский АНУ-ын тавьж буй “эдийн засгийн тусгай бүс” байгуулах саналыг шударга бус гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Учир нь Донецкийн хэсгээс Украин цэргээ гаргавал Оросын тал ч бас ижил зайд ухрах ёстой гэж тэр үзэж байгаа юм байна.
“Оросын түрэмгийллээс юу сэргийлэх юм бэ? Тэднийг энгийн иргэдийн дүрээр нэвтрэхээс яаж сэргийлэх юм бэ?” гэж Зеленский санаа зовнилоо тайлбарлажээ.
Ийм шалтгаанаар Украины тал энхийн төлөвлөгөөг огт дэмжихгүй байх боломжтойг тэр анхааруулсан байна. Нөгөө талаар сонголтыг Украины ард түмнээр хийлгэхийн тулд бүх нийтийн санал асуулга явуулах хувилбар байж болохыг Зеленский нэмж хэлжээ.
Шийдэл хүлээж буй нөгөө нэг асуудал нь Запорожийн цөмийн цахилгаан станц юм. Европ тивд хамгийн томд тооцогддог энэ станц одоо фронтын шугам дээр, 2022 оны гуравдугаар сараас хойш Оросын хяналтад байгаа.
Оросын тал станцыг буцааж өгвөл эзэмшлийн тодорхой хувийг нь АНУ-д шилжүүлэх хувилбар байж болохыг Зеленский хэлсэн байна.
Гэхдээ Оросын эрх баригчид энэ нөхцөлийг хүлээж авахгүй байх өндөр магадлалтайг тэр хүлээн зөвшөөрчээ.
Энхийн яриа хэлэлцээ маш хүнд хэцүү нөхцөлд үргэлжилж байгааг Зеленский илэрхийлэхдээ “Маргааш юу болохыг хэн ч мэдэхгүй. Хэлэлцээ яаж дуусахыг бид мэдэхгүй байна” гэж сэтгүүлчдэд хэлсэн юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!