Нийслэлийн орон сууцны хороолол, хотхонд зогсоол хүрэлцээгүйн улмаас авто замын нэгдүгээр эгнээнд автомашинаа байршуулж, хөдөлгөөнд ачаалал нэмээд байна гэж хотын дарга Х.Нямбаатар мэдээлэв.
Тэрбээр "Ирэх онд автомашины зогсоолыг олноор нь байгуулна. Орон сууцны бүх хорооллын гадна талд автомашины зогсоол барина.
Содон хорооллыг 3, 4 дүгээр хороололтой холбосон зургаан эгнээ замыг өндөр зардлаар барьсан. Гэтэл өнөөдөр энэ замаар явтал нэгдүгээр эгнээнд бүхэлд нь Содон хорооллынхон автомашинаа тавьчихсан байна. Өөрөөр хэлбэл Содон хороололд автомашины зогсоолыг шийдэж чадаагүй, шавааралдсан барилгууд барьчихсан, ийм хороолол олныг нэрлэнэ. Тухайлбал Хүннү хороолол, Кинг тауэр хотхон, Алтай хотхоны замын нэгдүгээр эгнээнд битүү машин.
Шавааралдсан барилга барьсан нөхөд болон дүүргийнхэн хамтарч автомашины давхар болон энгийн зогсоолыг шийдэх ёстой" гэлээ.
Өмнө нь мэдээлэхдээ Улаанбаатар хотод байгаа автомашины бүх зогсоолыг төлбөртэй болгоно хэмээн ярьж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!