Өмнөд Солонгосын засгийн газрын далайн асуудал хариуцсан сайд Чун Жэ Со өнөөдөр өглөө огцрох хүсэлт гаргасныг тус улсын ерөнхийлөгч И Жэ Мюн хүлээн авчээ.
Чун сайд Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас мөнгө авсан гэх дуулианд нэр холбогдсон тул ийм шийдвэр гаргасан байна.
Гэхдээ тэрбээр огцрох шийдвэрээ зарлахдаа шашны байгууллагаас мөнгө авснаа эрс няцаасан юм.
Энэ оны зургаадугаар сард шинээр байгуулагдсан ерөнхийлөгч И Жэ Мюний засгийн газраас огцорсон анхны сайд Чун Жэ Со болж байна.
Өмнөд Солонгост цэргийн дэглэм тогтоохыг завдсан хэрэгт буруутгагдаад байгаа өмнөх ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг шалгах ажлын хүрээнд энэ оны наймдугаар сард Эв Нэгдлийн Сүмийн өндөр албан тушаалтан асан прокурорт мэдүүлэг өгч байв.
Ингэхдээ тэр ерөнхийлөгч Мүүн Жэ Иний засаглалын үед Эв Нэгдлийн Сүмээс мөнгө авч байсан эрх баригч Ардчилсан Намтай холбоотой хэд хэдэн хүний нэрийг мэдүүлэгтээ дурдсан байна.
Тухайлбал тухайн үед Ардчилсан Намаас парламентын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан Чун Жэ Со тус байгууллагаас 2018-2020 оны хооронд хоёр ширхэг бугуйн цаг, хэдэн арван сая вон авч байсныг мэдүүлжээ.
Энэ нь Өмнөд Солонгос, Япон улсуудыг далай доогуур хонгилоор холбох Эв Нэгдлийн Сүмийн төслийг дэмжүүлэх зорилготой авлига байсан гэнэ.
Дээрх мэдүүлэг өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлын үеэр анх удаа олон нийтэд ил болжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!