Уншиж байна ...

Б.Цогтнаран: Татварын албанд 72,000 хуулийн этгээдийн ₮6.1 их наядын өр хуримтлагдсан

Б.Бадамгарав, IKon.mn
17 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын өчигдрийн хуралдааны дараа Сангийн сайд татварын өр барагдуулах ажлыг эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн.

Харин өнөөдөр Татварын Ерөнхий Газар(ҮТЕГ)-аас өнөөгийн нөхцөл байдал болон ахуйн нэгж, иргэдийн татварын өр хураах арга хэмжээний талаар танилцуулав.

2025 онд татварын алба улсын төсөвт 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийг төвлөрүүлснээр 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.

ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран "Он дуустал 700 орчим тэрбум төгрөгөөр улсын төсвийн орлогын төлөвлөгөө тасарч болзошгүй нөхцөл үүссэн. Гол хүчин зүйл нь уул уурхайн салбар, тэр дундаа нүүрсний үнэ анх төлөвлөснөөс үнэ 50 орчим хувиар унасантай холбоотойгоор татварын орлого буурч байна.

Татварын албанд 265,000 орчим хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгэлтэй. Үүнээс 26 хувь буюу 72,000 татвар төлөгч нь татварын албанд их, бага хэмжээний өртэй байгаа. Нийтдээ 6.1 их наяд төгрөгийн өр хуримтлагдаад байгаа. 6.1 их наяд төгрөгийн татварын өрийн 30 гаруй хувь буюу 2 их наяд нь зөвхөн уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 орчим татвар төлөгчийн өрийн үлдэгдэл юм. Сүүлийн үед уул уурхайн салбарын үнийн уналттай холбоотойгоор татварын өр ийнхүү хуримтлагдлаа.

2025 онд татварын алба нь "Зөвлөн туслагч татварын алба" уриатайгаар ажиллаж байгаагийн хувьд жижиг сегментийн татвар төлөгч нартаа зөвлөх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллаж байгаа бол том сегментийн татвар төлөгчдөдөө хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилготойгоор ажиллаж байгаа" гэлээ.

Одоогоор татварын албанд өртэй байгаа 72,000 хуулийн этгээд 54,000 орчим буюу 72 хувь нь 10 хүртэлх сая төгрөгийн өртэй юм байна. 

ҮТЕГ-ын дарга Б.Цогтнаран "Татварын алба хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хоёр буюу түүнээс дээш жилийн татварын өртэй аж ахуйн нэгжүүдэд өр хураах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 9,000 гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлж, татварын өр барагдаагүй тул данс битүүмжлэх, хөрөнгө битүүмжлэх зэрэг дараа дараагийн арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэв.